Э.Содномпилжээ паралимпийн наадмын алтан медаль хүртэж олимпийн АВАРГА боллоо

“Токио-2020” паралимпийн наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв.
Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв.
Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний оролдлогодоо 241кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв.
Улмаар Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болов. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй. Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпийн наадмын аварга боллоо. Тэрбээр арын тамирчнаас найман кг илүү өргөжээ.
Өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав 2008 оны паралимпод түрүүлж байсан билээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ