ЭЕШ-д амжилт үзүүлсэн сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар сургалтын тэтгэлэг олгохоор болжээ. 

Тодруулбал, ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан нэг хүүхдийг 330 сум, 171 хорооноос шалгаруулж, тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, мөн олон улсын олимпиадад медальт байранд шалгарч дэлхийн их дээд сургуульд суралцах эрхээ авсан хүүхдэд тэтгэлэг олгох юм байна. Мөн олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд урамшуулал олгох зарлиг гаргалаа.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран мэдээлэл хийх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. 

Уг зарлигт:

Нэг, Монгол Улсын сум, дүүрэг, хороо бүрийн төлөөллийг жигд хангаж тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, дүүрэгтээ хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг сонгон шалгаруулж дотоодын төрийн өмчийн их, дээд сургуулийн дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх,

Хоёр, тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд тэтгэлэг олгох,

Гурав, Олон улсын олимпиадын медальт байранд шалгарч, олон улсын эрх бүхий байгууллагын тогтоосон зэрэглэлээр дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт хамрагдах эрх авсан иргэнд сургалтын тэтгэлэг олгох,

Дөрөв, Монгол Улсын иргэдийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган хэрэгжүүлж байх,

Тав, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд амжилттай суралцан төгссөн Монгол Улсын иргэнийг эх орондоо ирж ажиллах, ажлын байраар хангахтай холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусган, зохион байгуулах,

Зургаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журмын холбогдох хуулийн дагуу батлах гаргах зэрэг асуудлыг зарлигт тусгажээ.

Уг зарлигын дагуу Боловсрол шинжлэх ухааны яам маргаашийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмыг боловсруулан, батлуулахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ