Улаанбаатарт дахин нэг "Өглөөний гудамж" нээгдлээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр хороо Жамъян гүний гудамжинд бүтээн байгуулсан “Өглөөний гудамж”-ны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд болон хэлтэс, нэгжийн дарга, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд, их хотын эртэч иргэд оролцлоо.
Анхны “Өглөөний гудамж”-г нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Жуулчдын гудамж буюу Гутлын-22-т байгуулсан.
Үүний зэрэгцээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргүүдэд өөр өөрсдийн онцлогт тохирсон Өглөөний гудамжтай болох чиглэл өгсөн.
Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа ажил хариуцсан хэлтэс, мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгснөөр их хотын эртэч иргэддээ зориулсан, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэх зорилготой “Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижууллаа. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай түүндээ шинэ ном, сонин хэвлэл, ажлын зар байршуулах, мөн иргэдийн хаясан гээсэн, олсон зүйлсийг байрлуулан эздэд нь олгох хэсэгтэй, тамхины цэгтэй, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчинг бүрдүүллээ.
Мөн нийслэл болон дүүргийнхээ онцлог, их хотын залуусын хэв маяг, уламжлал шинэчлэлийг хослуулсан агуулга бүхий ханын зургийг орчин үеийн шийдлээр уран бүтээлч залуусаар зурууллаа. Тухайн байршлыг сонгохдоо аж ахуйн нэгж, байгууллагуудаас өглөө эрт ажиллах хүний нөөц, үйлчилгээ зэрэг олон талын судалгааг үндэслэсэн юм. Аж ахуйн нэгжүүд гадна талбайгаа цэцгэн чимэглэлээр гоёж, орчны өнгө үзэмжийг сайжруулан энэхүү төслийг дэмжин ажиллаж байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ