ЗГ: Ойрын хугацаанд "Рио Тинто" компанитай уулзалт хийнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өнөөдөр байгуулсан. Тус хорооноос өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийг танилцуулсантай холбогдуулан үүрэг чиглэл өглөө. Мөн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх дахин сэргэлтийн цогц төлөвлөгөөг Сангийн яамнаас танилцуулсантай холбогдуулан Ерөнхий сайд зарим үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарын ажлын биелэлтэд тодорхой өөрчлөлт оруулах үүрэг өгсөн. Тодруулбал, цахим шилжилтэд бэлдэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаагаар нь ажлын үр дүнг нь үнэлэх болсон" гэлээ.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:
-"Рио Тинто" групп Ерөнхий сайдад захидал ирүүлсэн. Захидалд юу гэж бичсэн талаар танилцуулъя. Захидалд тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйлаа. Мөн “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая. ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой гэв. Мөн Засгийн газрын эзэмшиж буй, "Оюутолгой" компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан. "Оюутолгой" компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Б.Болд захирал илэрхийлсэн.
Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ түр азнахыг Засгийн газраас хүслээ. Бид энэ долоо хоногт ажлын хэсэг дотроо эхлээд ярилцана. Ажлын хэсэгт УИХ Засгийн газрын гишүүд багтдаг. Дараа нь Засгийн газарт саналаа танилцуулна. Б.Болд захирал тэргүүтэй "Рио Тинто" группийн захирлууд Монголд ирсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ