УАЗ-469 машинтайгаа далангаас Ховд гол руу унасан 5 иргэнийг аварлаа

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Мухарын ам гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан таван зорчигчтой УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл Ховд голын усанд живсэн байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт есдүгээр сарын 05-нд ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж байгаад жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байдалтай байжээ.

Аврагчид уснаас аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, зорчиж явсан гурван том хүн, гурваас долоо насны хоёр хүүхдийг эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. тэдний дунд жирэмсний есөн сартай нэг байжээ.

Аврах ажиллагаа явуулахад Ховд голын усны урсгалын хурд 2,5 м/с, гүн нь 1,5 метр, голын өргөн 115 метр, ёроолын байдал чулуурхаг, эргийн байдал намагтай байсан гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ