Засгийн төлөөлөл “Роснефть“-ийн удирдлагатай уулзахаар ОХУ-ыг зорьжээ

ОХУ-ын Роснефть компанийн зүгээс ирэх аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл Монгол Улсад шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан АИ-92 шатахууны хомсдол бий болж, Засгийн газар болон шатахуун импортлогчид АИ92 авто бензинд хязгаарлалт тогтоогоод байна. Ингэхдээ 30 мянгаас дээс төгрөгөнд шатахуун олгохгүй байх шийдвэрийг гаргажээ.
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох газрын хүмүүс асуудлыг шийдэж, ярилцахаар ОХУ-ыг зорьжээ.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Долоо, наймдугаар сард шатахууны татан авалт хангалттай байсан. Нэгдүгээрт, Монгол Улс 100 хувь гадаадаас импортоор шатахуун авдаг. ОХУ-тай гэрээ хийж, зохицуулалт хийдэг. Гэрээнд 2018 онд өөрчлөлт оруулсан. Дэлхийн зах зээлийн үнэтэй уяж, шатахууны үнийг тогтоож өгсөн байдаг. Талууд гэрээнийхээ үүргийг хүлээгээд явдаг заалттай. Өнөөдөр яам, газрын тос импортлогчдын төлөөлөл ОХУ-ыг зорьсон. Маргааш ОХУ-ын "Роснефть" компанийн захиралтай уулзана. Хятадаас шатахуун орж ирсэн тохиолдолд саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэх бүх зүйлийг хангасан. Өнөөдөр хязгаарлалт хийсэн. Хомсдол үүснэ гэх ойлголтоор их хэмжээгээр нөөцөлдөг. Тиймээс тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийж байна. Ойролцоогоор 5-7 хоног гэж харж байна, нэг машинд 30 мянган төгрөгөөс дээш үнээр бензин өгөхгүй. Энэ хугацаанд шатахуун оруулж ирнэ гэж төлөвлөж байна" .
Өнөөдрийн байдлаар Хятадаас 1037 вагон буюу 50 гаруй мянган тонн АИ-92 бензиний мөнгө төлчихсөн байгаа. Монгол Улсын нэг сар гаруй хугацааны шатахууны хэрэглээний нөөцийг мөнгөө төлөөд, гэрээгээ баталгаажуулж, тэндээс ачигдахыг хүлээж байгаа. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны нөөц хэвийн байгаа. Монгол Улс хоногт 1000 орчим тонн шатахууныг ердийн хэрэглээнд хэрэглэдэг. Нефть импортлогч компаниуд шатахууны нөөцөө бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Өнөөдөр шатахууны зах зээлийн хувийн хэвшлийнхэн авч явдаг. Бид ойрын хугацаанд 30 мянган тонн шатахуун нөөц бүрдүүлнэ. Дунд хугацаанд шатахууны үнийн эрсдэлээс хамгаалах санг байгуулж, хуульд оруулна. Ерөнхий сайдаас үүрэг өгч, төмөр замын асуудлаар ойрын хугацаанд тодорхой чиглэл гаргахаар ажиллаж байна. "Петровис" компанийн зүгээс найм, есдүгээр сард нийт 20 мянган тонн шатахуун Хятадаас худалдан авахаар гэрээ байгуулсан ч хил гаалийн асуудлын улмаас авч чадаагүй байна. Зах зээлийн хуулиар АИ-92 бензинийг 2200 төгрөгөөр зарах ёстой ч 2050 төгрөгөөр зарж байна гэв.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 хоног, Улаанбаатарт 4 хоногийн шатахууны нөөцтэй байгаа юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд нэг автомашинд өгөх бензиний хязгаарыг 30 мянган төгрөгөөр тогтоосноор, нийслэлийн шатахууны нөөцийг долоо хоног болгох боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ