Г.Ёндон: БНХАУ-аас 5-7 хоногт шатахуун татах төлөвлөгөөг Засгийн газарт танилцууллаа

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны нөөцийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Хуралдааны талаар тэрбээр сэтгүүлчдэд хандан дараах мэдээллийг хийлээ.
Г.Ёндон “Манай улсын ОХУ-ын компаниудтай байгуулсан гэрээний дагуу сар бүр худалдаж авах АИ-92 шатахууны минимум хэмжээ нь 28,000 тонн байдаг. Гэтэл наймдугаар сарын сүүлээр Ангарскийн нефть, химийн үйлдвэрлэлийн засвар болон бусад шалтгаанаар ОХУ тал 28,000 биш 17,000-ыг өгөх боломжтой байна гэж мэдэгдсэн.
Иймд дутаж буй хэмжээг нь БНХАУ-ын “Чайна Ойл” компаниас нөхөж худалдаж авахаар гэрээгээ баталгаажуулж, мөнгөө төлөөд, вагоны кодоо авсан байсан
Есдүгээр сарын 1-16-ны хооронд ОХУ-аас 7,500 орчим тонныг өгсөн байсан. Гэтэл аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй боллоо гэж мэдэгдсэн. Ингэснээр дахиад 10,000 орчим тонн шатахуун дутсан. Нөгөөтээгүүр БНХАУ-ын талаас манай захиалсан шатахууныг есдүгээр сардаа багтаж, вагон дээр тавих боломжгүй байна гэж мэдэгдсэн.
Үүнээс үүдэж дотоодод шатахууны хязгаарлалт хийснээр байгаа нөөцөө 7-8 хоногт хүргэхээр төлөвлөсөн. Одоо БНХАУ-аас мөнгө нь төлөгдчихсөн байгаа шатахуунаа яаралтай татаж авах хэлэлцээрийг хийж байна. Бээжин хотод суугаа манай Элчин сайд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудад ноот бичиг өгч, уулзах цаг тогтсон байна. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэртэй УУХҮЯ-наас ярилцлаа. Хөх хотоос наашаа вагоноор 10-14 хоногт ачаа ирдэг юм байна. Иймд дотоод зохицуулалтаараа хугацаа алдалгүй, 5-7 хоногт амжиж ирүүлэх хуваарийг гаргаж, Засгийн газарт танилцууллаа” гэлээ.
ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Хамгийн эхэнд Шадар сайд халдварын нөхцөл, авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс УОК, эрүүл мэнгдийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоогоо сайуруулах чиглэл өгсөн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарал хандуулахыг даалгалаа.
Түүнчлэн үе шаттай маш сайн судалгаанд үндэслээд үйл ажиллагаануудаа нээхийг үүрэг болголоо.
Сүүлийн хэдэн өдөр ДЭМБ болон ЭМЯ-ны мэдээлэл зөрсөн. Энэ хоёр байгууллага уулзаад ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн.
Түүнчлэн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт боомт дахь асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, тус боомтод нэмэлтээр PCR төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ