Энэ сард ачигдаагүй байсан 10 мянган тонн Аи-92 бензин авахаар боллоо

ОХУ манай улсад сард хамгийн багадаа 28 мянган тонн шатахуун нийлүүлэх гэрээтэй ч, тус улсын дотоодын нөхцөл байдал, цар тахлаас үүдэн энэ сард 17 мянган тонныг л нийлүүлэх боломжтой гэж наймдугаар сард мэдэгдсэн аж. Иймээс манай улс БНХАУ-аас шатахуун импортлох ажил эхэлж, наймдугаар сараас АИ-95 болон АИ-98 автобензин авч эхэлсэн. Мөн 1037 вагон АИ-92 автобензин авахаар шатахуун импортлогч компаниуд мөнгөө төлж, захиалгаа хийн, вагоны кодоо өгсөн ч тээвэрлэлт асуудалтай байгаа юм.
ОХУ энэ сард нийлүүлэх ёстой үлдэгдэл газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй гэдгээ гэнэт мэдэгдсэн. Иймд дотоодод хомсдол үүсч, иргэд 5-6 цаг дараалалд зогсож байж 20 мянган төгрөгөөр бензин авч байгаа юм. Иймд импортлогч компаниуд, УУХҮЯ-ны төлөөлөл ОХУ руу явж, өнөөдөр /2021.09.23/ “Роснефть” компанийн удирдлагатай уулзаж байна.
Уулзалтын талаар "Петровис" ХХК-ийн Гүйцэтгэх захирал УИХ-ын гишүүн асан О.Содбилэг твиттер хаягаараа "Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн Аи-92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн Аи-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн Аи-92 бензин авахаар боллоо" хэмээн жиргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ