Монголд анхдагч өвлийн спортын ордон "Мөсөн өргөө" нээлтээ хийлээ

Монголын анхны өвөл зуны битүү ордон болох Мөсөн өргөө өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон төслийг санаачлагч П.Цагаан нар үг хэллээ.
Олон улсын стандартад нийцүүлэн бүтээсэн Мөсөн өргөө цогцолбор нь нийт 7800м2, 2600 үзэгчийн суудалтай, 3500 хүний багтаамжтай, дэлхийн жишигт нийцсэн техник хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон аж.
Шинэ Яармагт байрлах тус цогцолборт урлаг соёлын тоглолтууд, олон улсын спортын тэмцээн, мөсөн дээрх шоу тоглолтоос гадна мэргэжлийн багштай тэшүүрийн сургалт дөрвөн улирлын турш явагдах юм.
"Мөсөн өргөө" төслийг "Степпе Арена" ХХК-ийн ТУЗ-ын дарга Пунцагийн Цагаан санаачилсан.
"Шинэ яармаг" хорооллын урд, "Буянт-Ухаа 2"-ын зүүн талд байрлах Мөсөн өргөөний шавыг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд тавьсан.
Канадын HDRJCEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитекторчдоос зөвлөгөө авч, Монголын Анаграмм компанийн залуус өргөөний зураг төслийг гаргажээ.
Мөсөн өргөөний ихэнх санхүүжилтийг "Ачит Ихт" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд гаргажээ.
Мөсөн өргөөг байгуулахад Монголын 95, гадаадын 6 компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон байна.
Мөсөн өргөө нь огторгуйн ферм, ЗИП дээврийн систем, эвхэгддэг шал, хөргүүр, консол, агаар сэтгэлийн инженерчлэл зэрэг шинэ технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн бүтээл болжээ.
Монголын анхны өвлийн спортын ордны нээлтийн үеэр “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгч Мөсөн өргөөний нээлтэд хүрэлцэн ирж, бүтээн байгуулсан хүмүүст урам хайрласан үг хэлсэнд талархал илэрхийлэв. Мөн мөсөн гулгуурын талбайн салхийг хагалсан шайбыг үндэсний шигшээ багийн 06 дугаартай өмсгөлийн хамтаар Монгол Улсын Ерөнхийлөгчид гардууллаа. Үүний дараа уран гулгалт, хоккейн үзүүлэн тоглолт болсноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ