Баянгол дүүргийн Агропаркад "Тэрбум мод" тарьж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн өрнүүлж, иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалаад буй.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийслэлийн дөрвөн газрыг сонгон "Тэрбум мод" тарих хөдөлгөөнийг эхлүүлж байна.

Түүний нэг Баянгол дүүргийн 20-р хороо, "ДЦС-4" ТӨХК-ийн урд талд байрлах "Баянгол Агропарк" ОНАТҮГ-ын талбайд мод тарьж эхэллээ.

Тус газарт мод тарих зохион байгуулалтыг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир болон Ерөнхийлөгчийн тамгын газар хариуцан ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир "Энэ долоо хоногтоо Соёлын яамны салбар байгууллагууд ээлжээрээ ирж мод тарина. Бид голдуу навчит мод тарихаар сонгосон ба жимс жимсгэнэ, чимэглэлийн моднууд бий.

Модны үрсэлгээг гурван байгууллагаар бэлдүүлсэн ба зарим нь үнэгүй өгсөн бол зарим нь худалдсан" гэв.

Тус талбайд мод тарих бэлтгэлийг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, "Баянгол Агропарк" ОНАТҮГ, "Баянгол Шинэ өргөө" ОНӨААТҮГ хангасан ба одоогоор 4000 нүх ухаж бэлджээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар "50 га газартай Агропаркийн 60 хувьд нь мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй. "Тэрбум мод" тарих хөдөлгөөнтэй холбогдуулан долоо хоногийн хугацаанд 2500 мод тарихаар бэлтгэлээ хангалаа.

Энд тарьсан моддын арчилгааг "Баянгол Агропарк" ОНӨТҮГ-ын 20 гаруй ажилчид хариуцна. Цаашдаа тус газрын орон тоог нэмэгдүүлнэ.

Энэ цэцэрлэгт хүрээлэнд нийт 250 мянган мод тарихаас 150 мянгыг нь тарьчихсан. Цаашдаа тус газрыг иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх соёл амралтын хүрээлэн болгоно.

Туул голоос 200 метрийн зайд 3 км урттай, 500 метр өргөнтэй уг газрыг нийслэлийн залуусын чөлөөт цагаа өнгөрөөх бүс болгох төлөвлөгөөтэй.

Эхний ээлжид буюу 2022 онд спортын талбай, явган хүн, дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн. Хөгжүүлэлт нь цаашдаа 2-3 жил үргэлжлэх боломжтой.

Анх 2012 онд энэ газрыг "Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн" нэртэйгээр дүүргийн эзэмшилд авсан. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд тус газрыг тусгаарлан хашаатай болгож, ус, цахилгаан татан тодорхой хэсгүүдэд мод тариад буй.

Мөн 2022 онд 2500 хүний суудалтай задгай цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөж байна. Гэхдээ хөрөнгө оруулалт, санхүүжилтээс бүх зүйл шалтгаална. Бид 2022 оны улсын төсөвт суулгахаар саналаа өгсөн. Хариу тодорхойгүй байна" хэмээв.

Энэ долоо хоногт Соёлын яамны харьяа 400 гаруй салбарын 7000 гаруй ажилтан мод тарих хөдөлгөөнд оролцох аж.

Мөн соёлын салбарын хувийн хэвшлүүд хамтран мод тарих ажилд оролцож байгааг Соёлын яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мунбат хэллээ.

Энэхүү үйл ажиллагаа энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд мод тарих талбайн ойролцоо тарьц, суулгац, бордоо худалдах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ