“1000 жимсний мод” аян эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хамтран айл өрх, цэцэрлэгийн хашаанд хүнсний болон аж ахуйн ач холбогдолтой 1000 жимсний мод тарих аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд үхрийн нүд, улаалзгана, монос, интоор гэсэн дөрвөн төрлийн жимсний модны 1000 суулгацыг суулгах юм. Эдгээр суулгац нь 1-3 жилийн дараа жимсээ өгч эхэлнэ. Мөн тухайн орчиндоо эх ургамал болон ургах юм. Суулгацуудыг өрх, цэцэрлэг бүр зөв тарьж ургуулах зааварчилгаа өгөх, хянах, цаашид эх ургамлаас жимс хураах, ногоон мөчир болон яст жимсээр үржүүлэг хийж сургах зэрэг ажлыг “Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Энэхүү аян хүрээлэн буй орчин, шим тэжээлийн зэрэг олон талын ач холбoгдолтой. Түүнчлэн “Жимс жимсгэнэ", “Өрх бүрийн хашаанд мод тарья” зэрэг үндэсний хөтөлбөртэй уялдсан ” хэмээн онцолж байлаа.


УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Баянзүрх дүүрэгт нийслэлийн дөрөвний нэг хүн ам төвлөрөн оршин суудаг.Энэхүү хотыг ногооруулах, тэр дундаа хүүхэд багачууд руу хандсан үйл ажиллагаа НҮБ-ын Олон улсын жимс, хүнсний ногооны жилийн хүрээнд хийж байгаад баяртай байна. Энэ 1000 мод төдийгүй цаашлаад өрх бүр идэвхтэй оролцож, аянд нэгдээсэй гэж хүсэж байна.” гэж уриаллаа.


Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр “Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарал, цөлжилт явагдаж байгаа энэ үед маш хэрэгтэй санаачилга юм. Өрх бүр хашаандаа мод тарья аяныг сүүлийн жилүүдэд эрчимтэй, амжилттай хэрэгжүүлж байна. Хамтран ажиллаж байгаа бүх талуудад баярлалаа.” хэмээн талархал илэрхийллээ.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь “Монголчуудын хувьд жимс жимсгэнийн хэрэглээ зөвлөсөн хэмжээнээс даруй 5-6 дахин бага, жилдээ 18-22 мянган тонн жимс, жимсгэнийг импортоор авдаг. Өрх бүр өөрийн хэрэгцээний жимс, жимсгэнийг тариалах боломж бүрдэх нь чухал” гэж ярилаа.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас энэ оныг Олон улсын Жимс, Хүнсний ногооны жил болгон зарласан бөгөөд жимс жимсгэнэ, хүнсний ногоог өргөнөөр хэрэглэх, түүний ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах, хүнсний ногооны үйлдвэрлэл явуулж буй өрх, аж ахуй нэгжүүдийн туршлагыг танилцуулах олон үйл ажиллагаанууд зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ