“Гоожингийн өндөр"

“Гоожингийн өндөр" хэмээх хоёр давхар модон байшинг анх 1914 онд Богд хааны Өндгөн сүргийн нутагт, одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт Богд хаант Монгол улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнд зориулан барьжээ. Уг байшинг 1918-1919 онд Сангийн яаманд шилжүүлэн өгч, зүүн Сэлбийн зүүн хэсэг, одоогийн 21 дүгээр сургуулийн зүүн хойно, Баянзүрх захын баруун урд хэсэгт шилжүүлэн авчирсан байдаг. Энэ байшинд Сангийн яамны “Гадаад хүүгийн хэлтэс” үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд С.А.Козин зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэр үед аливаа хоёр давхар байшинг “өндөр” гэж хүрээнийхэн нэрийддэг, мөн Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул “Гоожин” хэмээн сунжруулан дуудах болсноор “Гоожингийн өндөр” хэмээх нэршил бий болсон аж. Энэ байшингийн нэг тасалгаанд Монголын хууль шастир хэвлэх газар байрлаж, тэнд 1919 онд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байв. Хятадын түрэмгийлэгчид энэ байшинд Богд хааныг 1920 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу 50 гаруй хоног гэрийн хорионд байлгаж байжээ. Хожим уг байшин Санхүүгийн техникумын оюутны дотуур байр, 21 дүгээр сургуулийн ажилчдын байр байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ