Монгол Улс НҮБ-ийн бүрэн эрхэт гишүүн болсны 60 жилийн ой тохиож байна

Дэлхийн II дайны хөлд эвдэрч сүйдсэн эдийн засаг, амьдрал ахуйгаа сэргээн босгохын сацуу олон мянга хүний амийг авч одсон гамшигт аюулыг дахин давтахгүйн тулд улс орнууд өөр хоорондын харилцаандаа шинэ дэг тогтоохоор Нэгдсэн Үндэстний Байгууллагыг эмхлэн байгуулснаас хойш даруй 70 гаруй жил улиран оджээ.
Уг байгууллага АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор 1945 оны аравдугаар сарын 24-нд үүсэн байгуулагдсан юм.
Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө 1947-1957 он хооронд найман удаа гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч тухайн үеийн Дундад иргэн улсын хориг саадаас болж бүтэлгүйтэж байсан юм. Харин 1961 оны аравдугаар сарын 25-нд санал хураалт явуулан, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны аравдугаар сарын 27-нд Монгол улс НҮБ-ын гишүүн болсон түүхтэй.
Тус хуралдаанд Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид, дипломатч Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нар Монгол Улсыг төлөөлж оролцсон юм. Манай улстай хамт Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна.
.jpeg)
Өнөө жил Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна.
Далайд гарцгүй, хүн ам цөөнтэй, хөгжиж буй манай орны хувьд тус байгууллагын гишүүнээр элссэнээр бусад улс оронтой ижил эрх, тэнцүү үүрэг хүлээж, дэлхийн тавцанаа нийт хүн төрөлхтний сайн сайхан, энх тайвны төлөө дуу хоолой, байр сууриа илэрхийлэх боломж бүрдсэн юм. Монгол Улс эдүгээ дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоон, олон улс, бүс нутгийн Засгийн газар хоорондын 80 гаруй байгууллагад гишүүнээр элсэж, олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн ороод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ