Хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

Замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөг танилцууллаа.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн ”Гурван жилийн дараа Улаанбаатар хот 900 мянгаас сая машинтай болох тооцоо бий. Тиймээс автомашины эрэлт нийлүүлэлтийг найман арга хэмжээгээр зохицуулахаар боловсруулсан. Энэ арга хэмжээнд түгжрэлийг 8-15 хувиар бууруулна гэж тооцсон. Ингэхдээ уян бодлогын хүрээнд таван зорилт, хатуу бодлогын хүрээнд 13 зорилттой байхаар төлөвлөөд байна. Ингэснээр авто замын түгжрэлийг 15 хувиар, хүлэмжийн хийг 10-15 хувиар бууруулна гэж урьдчилан тооцоолоод байна. Улаанбаатар хот нэг төвтэй тул задлахын тулд тойрог замын сүлжээ хийх хэрэгтэй. Мөн Сангийн яамны дэргэд Хөгжлийн хөтөч төслийн хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуурх нүхэн гарц хийгдэхээр төлөвлөгдөж ирэх оны сүүлээр тус ажил эхэлнэ. Мөн нийслэлийн барилгажилт ихтэй бүсүүдэд холбоос замуудын орц гарцыг нээх ажил бий. Ингэвэл тухайн бүсийн түгжрэлийг 15-20 хувь бууруулах үр дүнтэй. Түүнчлэн чухал ажил болох замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүлэх ажил буй. Үүний хүрээнд хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг цахим болгоно. Ингэснээр аль хэсэгт, ямар хэмжээний түгжрэл үүсээд байгааг нарийвчлан тооцож гаргах боломж бүрдэхээс гадна хариуцлагын тогтолцоо ч нэмэгдэнэ" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ