Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг өнөөдөр 12:00 цагаас зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ танхимыг 50 хувийн дүүргэлттэйгээр үзэгчдийг суулгах юм.

Өчигдөр орой /2021.11.04/ 19:00 цагийн орчимд Монголын үндэсний бөхийн холбооны цахим хуудсаар “Барилдаан цуцлагдлаа. Цар тахлын халдвар буурч байгаа боловч вакцины III тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ынхон нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байна.

Үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн төрийн байгууллагууд барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье. Тасалбар худалдан авсан иргэдэд төлбөрийг буцаан шилжүүлэх болно” гэсэн мэдэгдэл хийсэн юм.

Гэхдээ Монгол Улсын Шадар Сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан /2021.11.04/  23:39 цагт МҮБХ-ны удирдлагуудтай утсаар холбогдож бөхийн барилдааныг дэмжин ажиллахаа мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ