Говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалжээ

Сүүлийн таван жилд байгаль хамгаалагчид говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г санаачилсан нь эдүгээ байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна.
Энэ жилийн арга хэмжээг 2021 оны арваннэгдүгээр сарын 3, 4-нд Өмнөговь аймаг хариуцан амжилттай зохион байгууллаа. "Монголын говийг дэлхийд таниулна" уриатай уулзалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь зэрэг аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Уг арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн юм.
“Говийн гайхамшигт 6” уулзалтын төгсгөлд хамтрагч талууд ирэх жил хийх зарим ажлаа төлөвлөж “Говь Гурван Сайханы тунхаг”- т тусгалаа. Үүнд, Говийн гайхамшигт 6” санаачилгыг нэгэн үзүүрт бодлогод чиглүүлэх баримт бичгийг салбарын хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд БОАЖЯ-ын зүгээс дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзлээ. Хэрвээ ингэж чадвал говийн ховор зэрлэг амьтдын хамгаалал нэг шат ахих боломжтой, тиймээс БОАЖЯ энэ асуудалд анхаарал хандуулж дэмжинэ гэдэгт найдаж буйгаа оролцогчдын олонх нь хэлж байлаа.

Энэ жилийн арга хэмжээний нэг онцлог нь Өмнөговь аймаг "Говийн гайхамшигт 6" зүйлийн хамгаалалд манлайлан оролцохоо илэрхийлсэн явдал байлаа. Тиймдээ ч энэ манлайллыг талууд баяртайгаар хүлээн авч бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ.
“Говийн гайхамшигт 6” зүйл амьтны өргөн уудам зайд нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байдаг. Энэ нь хамгааллын маш чухал ажил юм. Иймээс зэрлэг амьтдад ээлтэй жишиг гарц гарам байгуулах ажилд талууд хамтран ажиллах, ялангуяа зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг “Говь Гурван Сайханы тунхаг”- т онцгойлон тусгалаа.
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ