МУСТА, дуучин Б.Жавхлантөгс: Дуулна гэдэг чинь шаал өөр юм байдаг юм байна

-Саяхан оролцсон уралдааны чинь талаар ярилцлагаа эхлэх үү?
-За тэгье.
-Олон улсад нэлээн нэр хүндтэй уралдаан юм билээ...
-Италийн Карузо гэдэг алдартай тенор дуучин байсан юм билээ. Дэлхийн дуурийн дуучдаас пянзанд хоолойгоо анх бичүүлсэн энэ дуучин 100 жилийн өмнө халдлагад өртөж нас барсан. Тэгээд гэгээн дурсгалд нь зориулж, энэ уралдааныг зохион байгуулсан юм. Уралдаанд таван тивийн 45 орны 730 гаран дуучин оролцсон. Дэлхийн дуурийн хамгийн том 12 театрын захирлууд, удирдлагууд шүүсэн нь энэ уралдааныг маш том болгож байгаа юм л даа.
-Өмнө нь манайхан энэ уралдаанд оролцож байсан уу?
-Анх удаагаа л зохиогдож байгаа нь энэ. Тиймээс бид амжилттай оролцсон анхны монгол дуучид боллоо. Надаас гадна долоон монгол дуучин оролцсон.
-Та ямар шатанд ямар дуу дуулав?
-Эхний хоёр шатны шалгаруулалт онлайн бичлэгээр явагдсан. Оролцогч бүр эхний шатанд хоёр, дараагийнхад нь гурван ари дууллаа. Би эхний шатанд Моцартын "Фигарогийн хурим" дуурийн Фигарогийн ари, Бородинын "Игорь ван" дуурийн Игорь вангийн ариг дуулсан.
Харин хоёрдугаар шатанд Моцартын "Фигарогийн хурим" дуурийн Алмавивагийн ари, Жорданогийн "Андреа Ченеир" дуурийн Жирардын ари, Вердийн "Отелло" дуурийн Ягогийн ари дууллаа.
-Та олон нийтийн сүлжээнд "Уралдааны нас минь энэ уралдаанаар дуусч байх шиг байна" гэж бичсэн байсан. Ер нь олон улсын уралдаанд хэд хүртлээ оролцдог юм бол?
-Манайд бүртгэлтэй уралдаануудын ихэнх нь 32 нас хүртэлх гэж заасан байдаг. Ер нь манайд баруун Европын уралдаанууд маш цөөн бүртгэгдсэн юм билээ. Манайд гэдэг маань Соёлын яаманд бүртгэлтэй гэсэн үг л дээ. Дэлхий даяар зохиогддог хуучин болоод шинэ том ураалдаануудыг шинээр бүртгэх хэрэгтэй. Баруун Европын уралдаануудад 35 хүртэлх нас гэж заадаг юм байна билээ.
-Уншигчид маань олон улсын уралдаануудын бай шагналыг сонирхож буй нь лавтай...
-Уралдаан бүрийн бай шагнал өөр өөр байдаг л даа. Монголд болдог улсын зэрэглэлтэй тэмцээнүүдийн гранпри 5 сая төгрөг байдаг. Олон улсын уралдаануудаас хамгийн өндөр шагналтай нь Чайковскийн нэрэмжит тэмцээн. Нэгдүгээр байр нь 30 мянган ам.доллар, гранпри нь 100 мянган ам.доллар байдаг.
-Сонгодог урлагаар дэлхийд хаанах ноёлдог вэ? Манай дуучдын түвшин хэр бол?
-Спорт шиг тийм судалгаа гаргадаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Миний бодлоор уралдааны чансаагаараа манайх нэгд, Солонгос хоёрт орох байх. Сая манай Амартүвшин дэлхийд дуурийн баритон хоолойтой шилдэг дуучин боллоо шүү дээ. Энэ нь киногоор бол Оскарын шагнал. Сонирхуулахад Амартүвшин бид хоёр их сургуулийн нэг ангийн хүүхдүүд байлаа. Бид оюутнуудын хамгийн анхны билеттэй тоглолтыг 2007 онд Дуурийн театрт хийсэн. Дэлхийн нэг номерын дуучинтай хамт сурч, дуулж байсан нь гоё санагддаг шүү. Найзаараа маш их бахархдаг даа.
-Та "Universe Best Songs", "Авьяаслаг монголчууд" шоунд оролцсон байх аа?
-2010 онд UBS телевизийн "Universe Best Songs" тв шоу уралдаанд орж, гранпри авч, хүмүүст их танигдаж байлаа. Их гоё дурсамж шүү. Харин 2018 онд "Авьяаслаг монголчууд"-ад таньдаггүй хүмүүст танигдах гэж орж байлаа (инээлээ).
-"Universe Best Songs-2010"-ын шилдэг 25-д шалгарагсдаас олны танил болсон хүн бий юу?
-Байлгүй яах вэ. 2010 онд оролцсон хүмүүсийн ихэнх нь бидний хэлдгээр "од" болсон доо. Баярцэнгэл, Өнөржаргал, Хишигдалай гээд л. -Гранпри шагналыг дагаж юу юу ирэв?
-Шагналаа авч дуусаагүй л байгаа шүү (инээснээ). Тухайн үед шагнал одоогийнх шиг байгаагүй ээ. Хоёр сая төгрөг, тэгээд Герман явж, дуурь үзсэн. Одоо санахад нэг дуу бичүүлэх, клип хийлгэх эрхтэй гэсэн байсан. Тэр шагналаа аваагүй байгаа гэж боддог доо.
-Дараа нь та цагдаагийн "Сүлд" чуулгад ажиллах болсон. Яагаад гарчихсан юм бэ?
-2010 онд цагдаагийн "Сүлд" чуулгад орсон. Тэр үед одоо бас л дэлхийд дуулж буй Ариунбаатар маань байсан. Бид мөр зэрэгцэн хамт ажиллаж, чуулгынхаа уран бүтээлчдээс анхны офицерууд болж, дэслэгчийн мөрдөс зүүж байлаа. Гэхдээ миний тушаал түрүүнд нь байдаг юм. Дөрвөн жилийн дараа 2014 онд цагдаагийн "Сүлд" чуулгыг татан буулгаад, бүх уран бүтээлчийг нь тараасан даа. Тэр үед би Завхан аймгийн цагдаагийн газар луу татагдаад, 2017 он хүртэл тэнд байсан. "Сүлд" чуулгыг 2018 онд дахин байгуулахад орон тоо байгаагүй учир Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Ганбат даргад санал тавиад, 805-р ангид ажиллах болсон юм. Одоо ч тэндээ байгаа. Ер нь цагдаагийн байгууллагад ороод 11 жил болж байна. Сая ковидын үеэр цагдаа, цэргийнхний ажлын хүнд хэцүүг мэдэрсэн шүү. Өмнө нь дандаа л дуулаад, урлагийн ажлуудыг нь хийдэг байлаа.
-Цагдаагийн ямар цолтой вэ? Эргүүлд гардаг байсан уу?
-2010 онд цагдаагийн дэслэгч болж байлаа. Одоо бол дэд ахлагч. Ер нь тэгээд хийж болох бүх л ажлыг нь хийж байлаа.
-Хэсэг сураг алдарсан дуучин Жавхлантөгс энэ хугацаанд хаагуур манаргав?
-Ар гэрийн амьдрал гээд л байж байлаа. "Авяаслаг монголчууд"-ын тайзан дээр дуурийн дуучин биш маркетингийн менежер Жавхлантөгс гарч ирсэн...
-Тэр үед "Автоланд" гээд шинээр нээгдэж байсан газар маркетингийн менежерээр ажиллаж байсан. Одоо ч хүмүүс сайн мэддэг болсон байна билээ.
-Энэ шоунд хэр "давхилаа"? Яагаад оролцох болов?
-Зургаад орсон байх аа. Би түрүүн хэлсэн дээ, таньдаггүй хүмүүст танигдахын тулд "Авьяаслаг монголчууд-2018"-д оролцсоон гэж. Тэгээд ч 2010 оноос хойш найман жил өнгөрчихсөн, намайг танихгүй хүн ч их байсан.
-Таныг одоо урлагтаа эргэн ирж байна гэж ойлгож болох уу?
-Ер нь бол урлагаасаа холдоод байсан юм үгүй шүү дээ. Монголдоо болдог уралдаан тэсцээнд ороод л явж байсан.
-Ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Бага насныхаа талаар яриач...
-Багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан даа. Гэхдээ гэм хоргүй сахилгагүй шүү.
-Энд тэндхийн олон л уралдаанд өрсөлдөө байлгүй. Сэтгэл санаанаас тань гардаггүй уралдаан гэвэл...
-Боломж нь олдвол бүгдэд нь оролцмоор байдаг л даа. Даанч санхүүгийн боломжоос шалтгаалаад тэр болгон явж чаддаггүй юм аа. Гэхдээ боломж гарсан хэд хэдэн уралдаанд явсан шүү. Миний оролцсон уралдаан болгон мартагдашгүй дурсамж үлдээдэг л дээ. Жишээ нь, ОХУ-д Муслим Магомаевийн нэрэмжит хоёрдугаар уралдаанд Монголоос анх удаа 2012 онд салхийг нь хагалж оролцож байлаа. Даанч очоод ханиад хүрч санасандаа хүртэл дуулж чадаагүй. Дараагийнх нь уралдаанд манайхан очоод түрүүлж байсан. Гилинкийн нэрэмжит уралдаанд мөн л очоод ханиад хүрчихсэн (инээв). Азгүй ч гэх үү нэг тийм юм болсон.
Оросод болдог хамгийн том уралдаан спортоор бол олимп гэгддэг Чайковскийн нэрэмжит уралдаанд 2019 онд оролцон, хагас финалд шалгарч, шилдэг аравт үлдээд дуулахдаа маш их сандарч, хоолой чичирч байсан. Би маш их ач холбогдол өгөөд нервтсэн гэж боддог юм. Шүүгчид надад маш их найдаж байсан бололтой, уулга алдан харамсаж буй нь дуулж байхад их чанга сонсогдсон. Тэгээд л хамаг юм гараад явчих шиг болсон доо.
Саяны уралдааны хувьд очиж дуулаад, сайхан финалдаад ирлээ. Ер нь их юм сурч, ойлгож авсан. Хошигноод хэлэхэд дуулна гэдэг чинь шаал өөр юм байдаг юм байна билээ. Манайхан ч бас их зүйл ойлгосон байх аа. Монгол дуучдын хоолойн өнгө, тембр хаана ч гологдохгүй бүр илүү юм байна билээ. Гол нь техник, боловсрол үнэхээр дутагдаж байна. Бидэнд хамгийн ойрхон байдгаар нь зүйрлэвэл сайхан бяртай, зоригтой сумын заанууд улсын наадамд түрүүлнэ гэж ирээд, унаад буцаж байгаа юм шиг л санагдсан (дахин инээлээ). Түрүүлсэн солонгос дуучин гэхэд л зургаан газар сурчихсан, 6-7 гадаад хэлтэй байх жишээтэй. Тэгж явж сурч байж л тийм түвшинд хүрэх болов уу гэж бодож байна. Манайд мундаг, төрмөл авьяас, техниктэй дуучид байгаа л даа. Амартүвшин, Ариунбаатар, Анхбаяр, Бадрал гээд мундаг дуучид бий. Дүү нартаа "Тэр хэд шиг биш л бол явж, сурч боловсрох нь зөв шүү" гэж хжлье. Мэдээж манай багш нар, сургуулиуд мундаг л даа. Гэхдээ бидэнд хэлний боловсрол, баруун Европын дуулах техник гэдэг зүйл дутагдалтай байх шиг санагдсан. Тэрийг нь сурчихвал дээр нь зогсож байх юм байна гэдгийг ойлгож авсан даа.
-Оролцоод үзчих юм сан гэж боддог уралдаан бий юу?
-Нас хэтрээд бодож байсан зарим уралдаандаа орж чадахгүй болсон доо. Одоо боломж нь олдвол Итали юм уу Герман явж, жаахан юм сурчихвал ч болох гээд л байна.
-Багаасаа л дуучин болохыг хүсдэг байв уу?
-Багадаа хулгайч, цагдаа болж их тоглодог байлаа. Бас цагдаатай кино их үзнэ. Тэгээд цагдаа болно гэдэг байсан. Магадгүй тийм учраас өөр мэргэжилтэй болсон ч цагдаагаас салдаггүй байх л даа. Ер нь цэцэрлэгт байхын л дуулдаг, уралдаан тэмцээнд их ордог байсан шүү.
-Таныг дуучин болоход юу нөлөөлөв?
-Манай хөгшин ээж (Аавын маань ээж л дээ) их сайхан дуулдаг хүн байсан. Дүү нарыг их сайхан бүүвэйлнэ. Магадгүй тэр их нөлөөлсөн байх гэж боддог. Бүүвэйг нь багадаа сурсан. Одоо хүүхдүүдээ бүүвэйлээд л унтуулдаг даа. Манай хүүхдүүдээс бас дуучин төрөх байх гэж боддог л юм.
-Танай удамд дуучин бий юу?
-Урьд нь сайн мэддэггүй байсан. Тэгсэн манай төрлүүдэд урлагийн хүн олон байдаг юм байна билээ. Хамгийн ойрын төрөл маань дуучин, МУСТА Дашдэмбэрэл байна даа. Манай хөгшин ээжийн талд олон дуучин бий. Ичинхорлоо багш, Насантогтох багш гээд л. Гэрийнхэн маань ч бүгдээрээ сайхан дуулцгаадаг. Нутгийнхан маань "Гэр бүлийн тоглолт хийгээч" гэцгээдэг л юм.
-Мэргэжлийн багш тань хэн билээ?
-СУИС-д 2004 онд МУСТА Гэрэлбаатар багш дээр анх хичээллээд төгсөхдөө Монгол улсын гавьяат багш Дашиймаа багш дээр төгссөн. Одоог хүртэл багштайгаа хичээллэсээр л, сурч мэдсээр л явна даа.
-Ингэхэд СУИС-ийн танай ангиас олны танил дуучид хэр олон төрсөн бол?
-Манай анги их олуулаа. 75 хүүхэд ороод 60 нь төгссөн байх аа. Алдартай дуучид ч олон. Монгол түмний бахархал болсон дэлхийн шилдэг баритон МУГЖ Амартүвшин байна. Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дууны ангид, хоорт их олуулаа байдаг. Бас Бүх цэрэг, "Сүлд", Хилийн цэрэгт зөндөө бий. Нийтийн дууны олны танил дуучид ч олон. Дашдэмбэрэл, Түмэн-Өлзий, Идэржавхлан, "Ньюанс"-ын Дүйнхоржав гээд л. Их алдартай анги шүү, манай анги.
-Та гэр бүлээ танилцуулаач.
-Гэр бүлийн тухайд одоогоор гурван хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Хүүхдүүдээ харна, ажлаа амжуулна гэдэг ч бас л амаргүй ажил юм. Гэхдээ өөрийн сонгосон амьдрал болохоор гүрийгээд байхаас яах билээ. Хүүхдүүдтэйгээ жаргалтай сайхан амьдарч байна даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ