Вакцин тариулсны дараа дагалдах сөрөг нөлөө үүсэх эрсдэл нь айдастай холбоотой гэнэ


Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа гардаг дагалдах сөрөг нөлөө нь  хүмүүсийн айдас хүйдсээс шалтгаалдаг байна. Данийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ. Судалгааны дүн “Psychotherapy and Psychosomatics” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Орхуссын их сургуулийн профессор Лене Васегийн хэлснээр, дагалдах сөрөг нөлөөний тохиолдол нь нас, хүйс, вакцины төрлөөс шалтгаалдаг нь нэгэнт тодорхой бөгөөд гэвч хүмүүсийн сөрөг хүлээлт нь тодорхой хүнд дагалдах нөлөө илрэхэд бас нөлөөдөг нь судалгааны явцад илэрчээ. Вакцин тариулсны дараа хүлээгддэг дагалдах үзэгдлийн талаар хүмүүсээс асуумж авч, тэдний хэлснийг тарилгын дараахи бодит байдалтай харьцуулан судалгаа хийсэн байна.

“Хэрвээ вакцин тариулсан хүмүүсийн 95 хувьд ямар ч дагалдах сөрөг нөлөө илэрдэггүй гэж та тэдэнд хэлвэл, тэднээс цөөхөн хүн тарилгад шанална гэдгийг та мэдэх болно” гэж мэргэжилтэн дүгнэжээ.

Психосоматын дагалдах нөлөөг  багасгахын тулд вакцин,  бэлдмэлийн шинж чанарын тухай хүмүүст ахиухан мэдээлж байхыг мэргэжилтэн уриалсан байна.

Оросын телевизийн хөтлөгч, эмч Александр Мясников коронавирусийн вакцины тухай иргэдийн дунд тарсан худал ташаа мэдээллийг няцаасан юм. Тариулсан вакцин насан туршид биед үлдэж, “хүнийг дотроос нь иддэг” хэмээн олон хүн итгэдэг гэж эмч тэмдэглэжээ.  Гэвч ийм бодол буруу, вакцин сарын хугацаанд биеэс гадагшилдаг гэж тэр онцлон дурдсан байна.

Коронавирусийн эсрэг вакцин тариулахын өмнө айх нь утгагүй гэж тэр хэлээд, “балай хүмүүсийн яриаг сонсохгүй” байхыг уриалжээ.

“Яахаараа тарилга хийлгэхээс айдаг билээ, ингэх нь утгагүй” гэж тэр “Вечерная Москва” сонины сурвалжлагчтай ярилцахдаа  хэлсэн байна.

Мясников вакцин тариулахыг машинд хамгаалалтын бүс хэрэглэдэгтэй зүйрлээд,  хэн ч хамгаалалтын бүснээс айдаггүй биз дээ гэж тодруулан тайлбарлажээ.

“Толгойгоо ажиллуулж, тарилгыг эсэргүүцэгчид, өдөөн хатгагчид,  мэдрэл муутай балай хүмүүсийн ярихыг сонсохгүй бай” гэж л вакцин хийлгэхээс айдаг хүмүүст би зөвлөх байна” гэж Мясников хэлжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ