Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд илгээж буй эмэгтэй цэргийн тоогоор Зүүн хойд Азид тэргүүлдэг

Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 оноос хойш эмэгтэй алба хаагчийг илгээн үүрэг гүйцэтгүүлж байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” 1325 дугаар тогтоолын дагуу НҮБ-ын Энхийн ажиллагааны газраас “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тухай” албан даалгаврыг цэрэг илгээгч нийт улс орнуудад хүргүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Монгол Улс эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, өнөөгийн байдлаар илгээж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор 112 улсаас 17 дугаарт, Зүүн хойд Азид 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн болон олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаа мэдэгдсэн нь Монгол Улс НҮБ-ын хэрэгжүүлж байгаа энхийг дэмжих бодлогод гишүүн орны хувьд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ