Замын хөдөлгөөнд оролцогчид зай, хурдаа тохируулж явахыг анхаарууллаа

Нийслэлд хур тунадас орж халтиргаа гулгаа үүссэнээс үүдэн зам тээврийн ослын тоо нэмэгдэж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнөөдөр цас орж үүнтэй зэрэгцэн нийслэлийн замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсэхээс гадна мөн зам тээврийн осол бүртгэгдэх нь нэмэгддэг.

Зам тээврийн хөдөлгөөний одоогийн нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад "Өнөөдөр 12 цагийн байдлаар авто ослын 106 дуудлага ирээд байна. Энгийн үед 70 гаруй дуудлага бүртгэгддэг. Гэхдээ ослын шалтгаан зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй биш, янз бүр юм. Мөн халтиргаа гулгаанаас үүдэн замын хөдөлгөөний эрчим удааширдаг" гэлээ.

Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж байна хэмээн НЗДТГ-аас мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэсэн ба энэ оны нөөцлөлт хангалттай гэсэн юм.

Жолооч та бүхэн халтиргаа гулгаанаас үүдэх аюул ослоос болгоомжлон, тээврийн хэрэгслийн эгнээ зайгаа зөв тохируулан зорчиж, явган зорчигчоо хүндэтгэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ