Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг хойшлуулав

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг талбайг дахин засах шалтгаанаар түр хойшлуулаад байна. 


Ачаа шилжүүлэн ачих туршилтыг өчигдөр эхлүүлэхээр тохирсон байсан бөгөөд энэ сарын 20-нд Хятадын тал дангаараа туршсанаар талбайг дахин засах шаардлагатай гэж үзжээ. Тус шилжүүлэн ачих талбайг байгуулснаар хилийн боомтын ачаа тээврийг сэргээх боломжтой юм. 


Ташрамд дурдахад, Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 20-ноос эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулсан юм. Ингэхдээ, Цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна. Мөн иргэд олноор цуглах баар, караоке, саун, бассейн, кино теарт зэрэг газруудыг түр хугацаагаар ажиллахыг хязгаарласан. 


Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн. Улмаар энэ сарын 22-ноос эхлэн дотоодын, түүнчлэн Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, 29-ны өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөсөн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ