"Орос хэл-Аугаа утга зохиолын хэл" арга хэмжээ боллоо

"Орос хэл-Аугаа утга зохиолын хэл" арга хэмжээ энэ сарын 18, 19-нд Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж, тэр дундаа Оросын соёлтой холбоотой тэмдэглэлт ой, үйл явдлуудтай уялдуулан зохион байгуулсан "Оросын соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй" төслийн хүрээнд дээрх арга хэмжээг цахимаар зохион явуулсан юм.
Энэ арга хэмжээнд Монгол, ОХУ, БНХАУ, Грек, Киргиз, Молдав, Беларусь, Гүрж, Узбекистан, Украин, Латви, Итали, Черногор, Армен зэрэг 14 улсын төлөөлөгчид зайнаас холбогдон оролцлоо.
Энэ үеэр орос хэлний үгсийн сантай ажиллах талаарх мэдээллийн болон үзүүлэн таниулах маш баялаг арга зүйн материалыг оролцогчдын хүртээл болгов. Мөн "Оюунаар Оросыг ойлгошгүй: Хэл, яриа, соёл” сэдэвт В.И.Далийн өвийн хэлэлцүүлэг болов.
Энэ хүрээнд Орос болон Пушкинийг судлаач, профессор П.Алтанцэцэг, Москва хотын нэрэмжит 33 дугаар сургуулийн орос хэлний багш, боловсролын тэргүүний ажилтан Ж.Энхчимэг, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн дэргэдэх 84 дүгээр дунд сургуулийн орос хэлний төвийн захирал, тэргүүлэх багш Ж.Энхтуяа нарын эрдэмтэн багш нар илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн Оросын хүүхэд, залуучуудад зориулсан номын зохиогч Тамара Крюкова өөрийнх нь уран бүтээлүүд дэлгэцэнд хэрхэн тусгалаа олсон талаар ярилаа.
Ташрамд дуулгахад, Оросын холбооны улсын Гэгээрлийн яамны “Оросын соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй” төслийн хүрээнд болсон энэхүү арга хэмжээг “Насан туршийн боловсролын хүрээлэн” дээд боловсролын ашгийн бус бие даасан байгууллага хамтран зохион байгуулсан юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ