Улсаа бодоод, УИХ-ын гишүүд 4 тэрбум, нийт З04 тэрбумаасаа яг одоо татгалзаачээ

Дэлхий дахин их хямралын өмнө өвдөг бохирч, улс орныхоо эдийн засгийг хямралд бага өртүүлэхийн тулд байдаг бүхий л боломжийг ашиглаж, үр ашиггүй зардлаа танаж, хүн амынхаа амьжиргааг тэтгэх зүйл бүрийн арга сэдэж, санаачилж, хийж байна.
Харин тэдний дунд нэг улс эсэргээрээ урсгал сөрөн туучиж яваа нь Монгол. Бүхнийг хямрааж, хямралаар ард түмнээ айлгаж, үр ашиггүй, бүтээмжгүй өөрсдийн эрх ашгийг хангах зүйлд улс орныхоо бүхий л сан хөмрөгийг гөвөхдөө тулаад байна. Богд Зонхов бурханы хөшөөг 32 тэрбумаар барьж, улс оронд нь үйлдвэр нь байсаар байтал урд хөршөөсөө 6 тэрбумаар шуудай захиалж, УИХ-ын гишүүн бүрт дөрвөн тэрбумыг хувиарлаад “наргиж” байна.
УИХ-ын гишүүн Даваасүрэн “Хүүхдэд олгож байгаа мөнгө улсын төсөвт маш их дарамт учруулж байна. Түүний оронд үйлдвэр барих хэрэгтэй” гэсэн байдаг. Улсын төсөвт хүүхдийн мөнгө биш бодлогоггүй шийдвэр, болчимгүй шийдвэрүүд, УИХ-ын гишүүн бүрт олгож байгаа дөрвөн тэрбум чинь л дарамт учруулж байна. Улсын төсвөө боддог эрүүл сэтгэхүйтэй бол хууль зөрчин авч байгаа дөрвөн тэрбумаасаа УИХ-ын гишүүд татгалзах ёстой.
Монгол гэдэг улс нэг л улс. Нэг л төсөвтэй байх ёстой. Гэтэл улсын төсвөөс гадна гишүүн бүхэнд дөрвөн тэрбумыг хувиарлаж байгаа нь өөрөө ёс зүйгүй, энгүүхэн хэлэхэд эрх мэдлээрээ түрий барьж, эвгүйхэн хэлбэл өнөөдрийн эрх баригчид УИХ-ын гишүүдэд “бага дальжигна” гэж өгч байгаа “авилгал”-ын хэлбэртэй мөнгө гээд ойлгочихож болно.
Улсын төсөв, аймгуудын төсөв, дээр нь УИХ-ын гишүүдийн төсөв, дахиад нэмэх нь гишүүн бүрт дөрвөн тэрбумын төсөв. Нэгэнтээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Бусад гишүүд татгалзвал би ч гэсэн дөрвөн тэрбумаасаа татгалзмаар байна. Уг нь ингэж байхаар энэ их мөнгөөр нэг ч гэсэн үйлдвэр барих юмсан” гэж байсан. Тэр татгалзаагүй ч татгалзаж болох зүйл гэдгийг иргэдэд хэлсэн.
Үнэндээ энэхүү дөрвөн тэрбум нь одоогийн УИХ-ын гишүүдэд давуу эрх олгохоос гадна дараагийн сонгуульд өрсөлдөх, дэвших хүмүүсийн хувьд ижил биш гарааг бий болгож байгаагаараа иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ч бүдүүлгээр халдаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл одоо сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүдэд хэт давуу байдлыг төрийн нэрийн өмнөөс олгож байгаа нь төр өөрөө шударга байх зарчимаа алдаж, авилгалын системийг өөгшүүлж буй үйлдэл юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авилгалтай тэмцэнэ гээд дуугарч эхэлсэн. Үг нь сонсогдсоноос үйлдэл нь одоохондоо харагдахгүй л байна. Төрийн эрх барих, хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллага нь гишүүн бүртээ “авилгал” тарааж байгаа нөхцөлд Монгол Улс авилгалаас ангижрана гэдэг ‘NO’.
Дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтаар УИХ-ын гишүүд тойрогтоо бүтээн байгуулалт хийх юм гэсэн. Баруун аймгаас сонгогдсон нь бурхан бүтээж, хийд шавардах, зүүн аймгаас сонгогдсон хэд нь хурдан морины ханш өсгөх, говийн хэд нь уул уурхайруу хөрөнгө оруулалт хийх, төвийн болон хойд бүсийнхэн хэдэн дүнзэн байшин босгох, айраг цагааны өргөө санаачлахаас хэтрэхгүй л ажил хийнэ. Том бүтээн байгуулалтад энэ мөнгө хүрэхгүй, хүрэлцэхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тухайн гишүүнийг сонгосон тойрогт энэ мөнгөний үнэр гарахаас үлдэх юм байхгүй. Хэнд ашигтай дөрвөн тэрбум бэ гэдэг нь ч тодорхой. Харин түүний оронд үр ашиггүй мөнгө тараалтаа зогсоож, Монгол гэх нэгэн том тойрогтоо томоохон үйлдвэр, хожим үр ашигаа өгөх зүйлд зарцуулбал ихэд хэрэгтэй сэн.
Дэлхий нийт эдийн засгийг хямралыг гэтлэн давахаар бүсээ чангалж байна. Харин Монголчууд тарсан дээр нь тартагт нь тултал тараахаар шийдсэн юм шиг аяглаж байна. Аяга доошоогоо харж хөмөрч унавал муухай л гэдэг. Аягаа хөмөрч, ардаа өлсгөхгүй байлгаа ч гэж ард түмэн УИХ-ын гишүүн 76-г сонгосон болохоос ардынхаа нэрийг барьж, аяганыхаа хэрээр төсөв өөртөө ав гэж сонгоогүй. Сонгосон тойргийн ард иргэд нь сонгосон гишүүдээсээ ичээд байхад, тэд ичих ч үгүй тойрогтоо бүтээн байгуулалт хийнэ гээд дөрвөн тэрбумаасаа татгалзаж чадахгүй байгаа нь улс орныг дампууралруу хөтөлж байна.
Т.Лхагва
СЭТГЭГДЭЛ БИЧИХ