Эрээн хот: Төмөр замын тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

БНХАУ коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээгээ улам бүр чангатгаж байна. Халдвар бүртгэгдсэн муж, хотод хөл хорио тогтоох, халдварын хүрээг тэлэхээс урьдаж яаралтай таслан зогсоох арга хэмжээгээ чангаруулсаар байна. Энэ хүрээнд Монгол Улстай хиллэдэг ӨМӨЗО-ны Эрээн хотын Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас өчигдөр /2021.11.28/ төмөр замын тээвэрлэлтийн хяналтыг чангатгах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, Эрээн хотод коронавирусийн халдвар бараа бүтээгдэхүүнээр зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор чингэлэггүй нүүрс, зэсийн хүдэр, газрын тос, цайрын хүдэр, төмрийн хүдэр, бордоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг гар агаар ачиж, буулгадаг бүх бараа бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.Төмөр замын тээвэрлэлт хэзээ хэвийн горимд шилжих талаар хугацаа заах боломжгүй гэдгээ тодотгосон байна.
Дээрх шийдвэрээс улбаалан Монгол Улсын түүхийн эдийн бүтээгдэхүүний гол экспорт зогсох эрсдэл үүсээд байна. Өнөөдрийн байдлаар манай улс авто замын тээвэрлэлт зогссон байгаа. Автозамын тээвэрлэлтийг хэвийн явуулах үүднээс Зам-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр чингэлэг тээрлэлтийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ. Талууд чингэлэг тээвэрлэлтээ солилцох тэг цэгээ тодорхойлж, бусад халдвар хамгааллын дэглэмээ сахих бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд аравхоёрдугаар сарын эхээр ашиглалтад орох төлөвтэй байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ