Зуу насалсан МАН, "зууны луйварчид"-аа яах бол?

        МАН их хурлаа хийж намын даргаа батлах зуураа 100 насалж зургайдаа таяг тулсан намаа шинэчилж, улмаар төр засгаа сайжруулах "шинэ сэргэлтийн бодлого" гээчийг хэрэгжүүлэхээ сүр дуулиантайхан зарлаж байна.

        Их хурлынхаа өмнө цагтаа хонгорыг хордуулж явсан гэх Д.Хаянхярваагаар туг тахиж авилгатай тэмцэж эхэлж байгаа дохио өгсөн эрх баригчидын дарга Л.Оюун-Эрдэнэ “МАН шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авилгатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой” хэмээн айлдчихуй. Дөрвөн жилийн ой санамжтай намууд зууны зорилт тавихаар нэг тийм амьдралаас хол сонсогдох. Харин “Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг татвар төлөлттэй нь уялдуулна” хэмээжихүй нь бас ч гэж ор үндэсгүй зүйл биш бололтой. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж сөрөг хүчин нь эрх баригчидынхаа тоглоомонд ээлж дараагаараа орж утсан хүүхэлдэй нь болчихоод байгаа урагшгүй цаг үед, үнэ чөлөөлөх нэрийн доор явж байгаа бензин, шатахууныхаа үнийн хөөрөгдлийг дийлэхээ байсан Засгийн тэргүүн дахин 100 жилийн мөрөөдөл ярих нь хир зохимжтой вэ? Шатахуун түгээх станцын эзэд нь шамбалын оронд заларчихсан юм шиг төрийн ордонд зайдагнаж, сүсэг бишрэлээр мөнгө хийх гэж сүртэй гэгч нь хөшөө цогцолбор барих гэж яарна.

Тэднийг бензин шатахуунаа Онцгой албан татварын хөнгөлөлт нэрээр О төгрөгийн татваргүй Монголыг тойрсон жижиг боомтуудаар оруулж ирж, ядарсан ард түмэндээ өндөр үнээр шахаж, ямбатай дарга нартай урамшууллын талон тарааж явдагийг хэн хүнгүй мэддэг тухай хэвлэлүүд бишгүй л бичдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Ерөнхий сайд байхдаа “ерөнхийд нь” ямар нөхдүүд гэдгийг янцаглалгүйгээр маш ойлгомжтой тодорхойлоод хэлчихсэн шүү дээ. Түүний ойлгуулсанаар төр засгийн ажилд үргэлж саад гай болж ирсэн гэх нэр бүхий шатахуун түгээхийн захирлууд, УИХ-ын гишүүд ядаж татвараа төлөөчээ. Томоохон хурал уулзалтууд дээр том дарга нарынхаа хажууд очиж суугаад зургаа авхуулж зууны түүхтэй гэх намаа бузарлаад явах хэрэг байдаг ч юмуу даа. Дарга нар нь ч бас дагуулж далдагануулаад байх хэрэг ч үгүй л баймаар.

     Богд Зонхов шүтээний нэрийг барьж, татвар төлөгчидийн мөнгийг хэдэн арван тэрбумаар нь хулгайлахыг санаархсан буян нүглээ ялгахаа больсон бузар нөхдүүдийг бас яалтай. За тэгээд Замынхан, Концессынхон, Ждү-чид гээд бас л “хүнд гарууд” ихтэй л нам даа...

Д.Оюу       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ