Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр зогсооно

Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, холимог анги нээж буй талаар БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Нийслэлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 10-наас, орон нутгийн цэцэрлэгүүдийг 18-наас 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт авна" гэв.
Энэ хугацаанд цахим, теле хичээл үргэлжлэх эсэхийг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмараас тодруулахад "Амралтын хугацаанд цахим болон теле хичээл явагдахгүй. Хүүхдүүд бүрэн амарна. Харин багш нар өдрийн найман цагаар ажиллан энэ хичээлийн жилийн үнэлгээ хийх, 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс ямар хөтөлбөрөөр хичээллэх зэргээ тодорхойлох юм" гэлээ.
Түүнчлэн холимог анги нээж буй цэцэрлэгүүд энгийн цагийн хуваариар буюу 09:00-17:00 цагт ажиллах юм байна. Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлж хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ гаргана. Цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгтэй байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөгдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ