Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл: Манай нөхөр хурган дарга нарын зараалаар ажиллаж байгаад амиа алдсан.

Онцгой байдлын алба хаагч өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан хэрэг энэ сарын 3-нд гарчээ. 

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл тухайн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийж, суулт зарлахаа мэдэгдэв. Тэрбээр "Миний нөхөр гал сөнөөгчөөр 10 жил ажилласан, ахлах ахлагч хүн байлаа. Тухайн үед 24 цагийн ээлждээ гараад нойргүй хоноод өглөө ажлаасаа бууж байхад дарга нар нь мэргэжлийн бус жолоочийн хамт галын шаттай машинтай авч явсан. Самбарын хулдаасыг буулгасны дараа шатыг доошлуулах биш дээш нь өргөсний улмаас шат нь тогны утсанд орооцолдож, нас барахад хүргэсэн.

Улиастайн уулзвар дээрх самбарын дээд талд цахилгааны утас байгаа ч тэр нь нэлээд дээр буюу утсанд хүрэхээргүй. Өглөө 09:27 цагийн орчимд нас барсан байхад, надаас нуугаад хэлэхгүй байсан тул би 12:00 цагийн орчим мэдсэн" гэлээ. 

Мөн тэрбээр хэрэг болох үеийн бичлэгүүдийг цагдаагийн дарга нар авсан хэмээв. Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл "Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга нар нь шуурхай хуралдаад, төрийн нууц, онцгой байдлын албаны нэр хүндийг хамгаалах гэх мэт юм яриад байна. Хүний аминаас илүү нэр хүнд гэж байхгүй. 

Миний нөхөр зөвхөн онцгой байдлын алба хаагч байгаагүй. Гэрт нь жирэмсэн эхнэр, хүүхэд нь хүлээдэг, айл гэрийн эзэн хүн байсан. Нөхрийг маань саваагүйтээд тогны утсанд хүрч үхсэн мэтээр ярьж байна. Гэтэл өрөөлийн буруугаас болж үхсэн. Иймээс нэр хүндийг нь сэргээхийг хүсэж, камерын бичлэгийг олон нийтэд ил гаргахыг шаардаж байна.

Өнөөдөр би цагдаагийн газар орж асуухад самбарын өөдөөс харсан камерын тод бичлэгийн арванхоёрдугаар сарын 3-5-ны хоорондхыг устгасан, дарга нар нь өөрсдөө авсан гэж хэлсэн. Энд эх хувь нь байгаа, прокурорт хүсэлтээ гаргаад үзэж болно гэж хэлсэн. Би суулт зарлаж, олон нийтэд бичлэгийг ил гаргахыг шаардана" гэлээ.

Харин цагдаагийн байгууллагаас "Бичлэг нь бүрэн байгаа хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хохирогчид нь бичлэгийг үзүүлнэ" гэх тайлбарыг өглөө.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ