А.Бөртэ-Үжин хагас шигшээд шалгарчээ

Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүй өрсөлдсөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Мисс А.Бөртэ-Үжингийн хувьд өмнө нь тус тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад ялагч болж, шилдэг 16-д шалгарсан юм. “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг таван оролцогчоор Монгол, Норвеги, Япон, Чили, Ирланд улсын миссийг тодруулсан байна. Энэ жилийн миссийн тэмцээн Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд хоёр хоногийн дараа буюу энэ сарын 16-нд болох юм. Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг бүжгийн багш, найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан туршлагатай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ