Монгол улсын зөвлөх мал зүйч, адуу судлаач, доктор Дэмбэрэл овогтой Мянганцэвээн

       
Дэмбэрэл овогтой Мянганцэвээн 1941 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Өндөр цахир гэдэг газар малчны гэрт төрж, өссөн юм.  Тэрбээр бага сургуулиа 1954 төгсч, 1958 онд Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумд зоотехникч, 1968 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн зоотехникийн факультет,  1976 онд ЗХУ-ын Москва хотын Темерьязовын академи, 1987 онд Казакстан улсад удирдлагын академийг тус тус дүүргэсэн. Монгол Улсын зөвлөх мал зүйч, профессор, хөдөө аж ахуйн ухааны доктор байв.  Д. Мянганцэвээн нь Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйд 1958-1963 онуудад  ажлын гараагаа эхэлж бод мал хариуцсан зоотехникчээр ажиллах хугацаандаа Монголд анх удаа Германаас авчирсан гүн хөлдөөсөн зөөврийн үрээр зохиомол хээлтүүлэг хийж, анхны био-техникч болж, семинталь үхрийн арчилгаа, маллагааны технологийг боловсруулж, хэрэгжүүлэгч байсны үр дүнд  ХААЯ-ны САА-н “Тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагнагджээ.  
    Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумд 1968-1976 онуудад зоотехникч багш, хичээлийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа олон хөхлүүрт угж санаачилсан нь өнөөдрийг хүртэл уламжлалт бүтээгдэхүүн болон дэлгэрсэн байна.  Хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн удирдах газарт 1976-1978 онд ажиллахадаа Монгол улсад мах, мах-сүү, сүү-махны үхэр үржүүлэх, бүсчлэлийг тогтоож үржлийн цөм сүрэг үржүүлэх аж ахуйн нэгжийг байгуулжээ.  Гойд ашиг шимт мал шалгаруулах, шагнах журмыг анхлан боловсруулсан нь ач холбогдлоо алдаагүй байна. 
   Ховд аймгийн хөдөө аж ахуйн газар, үйлдвэрлэл туршлага станц, үржил селекцийн улсын станцад 1978-1991 онуудад мэргэжилтан, даргаар ажиллах хугацаанд цөм сүргийг бүрдүүлж ашиг шимт чиглэлээр бүсчлэл тогтоож,  аймгийн хэмжээнд мал аж ахуйг эрхлэх системийг амжилттай нэвтрүүлжээ.   Торгууд хонь, алтайн улаан ямааг үүлдрийн хэсгээр, сутай хонийг омгоор баталгаажуулсан нь  Д.Мянганцэвээний ажлын үр дүн байлаа.  
   Гурван хөхлүүрт угж, мах махан бүтээгдэхүүнийг боловсруулах 10 гаруй оновчтой санал, шинэ бүтээгдэхүүн санаачилж эрхээ хамгаалуулсны зэрэгцээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт алдарт хоньчин С.Цогтгэрэлтэй хамтран “Хонь маллах, үржүүлэх арга” номыг бичсэн нь  уламжлалт мал маллагааны аргыг шинжлэх ухааны аргатай хослуулжээ.   Тэрбээр “Мянгад Тэс адууг сонгон үржүүлэх, аж ахуйн биологи онцлог” сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сүүлийн 30 гаруй жил эрхэлж, хөдөлмөр, оюун билгээ зориулж судалгааныхаа ажлаар тэс, мянгад адуу нь илүү хувьсамжтай болохыг баталж, илүү хувьсамж нь байгальдаа тэсвэртэй малтай байх үзүүлэлтийг дэвшүүлжээ. 
   Таван тэс-говь, гандан жас, хотгойд, мянгад, хайнаг гэсэн генеологи удам 10 гаруй бүлд судалгаа хийж,  35 хэмийн халуун, 52 хэмийн хүйтнийг ажирдаггүй, өвчин эмгэгт тэсвэр бүхий генийн сантай, биеэ даасан сүрэг /популяц/ болохыг тогтоож, “Тэс омгийн адуу” бүтээл туурвисан билээ.   Францын Орлеан хотын "Орлеан-Монголын найрамдлын нийгэмлэг"-ийн тэргүүн, Бенуа Гайсэгийн санаачилгаар Франц, Монголын хамтарсан баг Рубрукийн түүхэн аялалыг үргэлжлvvлэх зорилгоор 1990 онд Ховд аймгийн Булган сумаас Хархорум хотын туурь, Эрдэнэ зуу хийд хүртэл морин аялалын Монгол талын ахлагчаар оролцсон юм. Уг аяллынхаа тухай баримтат кино, гэрэл зургийн цомог олон улсад гаргасан нь аялал жуулчлалын бодлогод томоохон түлхэц болсон билээ. 
   Дундговь, Ховд аймгуудын хөдөө аж ахуйн техникум, Хөдөө аж ахуйн Их сургуулийн Алтайн бүсийн салбар сургуульд /техникум/ багшлах хугацаандаа 3500 гаруй оюутанд хичээл зааж, 100 гаруй оюутны дипломын ажил, 50 гаруй магистр, 10 гаруй дэд докторын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж, шинжлэх ухаан, боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллажээ.  
Залуу үеийг сурган хүмүүжүүлэх мал маллагааны уламжлалт аргыг шинжлэх ухаантай хослуулах,  малчдыг сургах, малын үүлдэрлэг чанарыг сайжруулахад бүхий л амьдралынхаа үйл хэргийг тэрээр зориулсан нэгэн байлаа. 

   Оюунлаг, ажилч хичээнгүй, мал аж ахуйг хөгжүүлэх, ашиг шимийг нь сайжруулах үйлсэд нэгэн насны үйл хэргээ зориулсан Д.Мянганцэвээн таны гэгээн дүр бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ