СЭРЭМЖЛҮҮЛЭГ: XII сар гарснаас хойш согтууруулах ундаа хэрэглэсэн есөн хүн осгож нас барсан

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар 14920 гэмт хэргийн дуудлага мэдээлэл иржээ. Үүний 1826 нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар буурчээ. Гэсэн хэдий ч энэ оны арванхоёрдугаар сар гарснаас хойших 26 хоногт 1.3 дахин өссөн байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар 61 мянган хүн эрүүлжүүлэгдсэний 47 мянга буюу 78.2 хувь нь Улаанбаатарт аж. Улсын хэмжээнд эрүүлжүүлэгдсэн хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар өсжээ.

Тухайлбал энэ оны:

  • Арванхоёрдугаар сарын 20-нд: Согтуугаар автомашин жолоодсон 121, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90
  • Арванхоёрдугаар сарын 21-нд: Согтуугаар автомашин жолоодсон 111, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 96
  • Арванхоёрдугаар сарын 22-нд: Согтуугаар автомашин жолоодсон 101, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 127
  • Арванхоёрдугаар сарын 23-нд: Согтуугаар автомашин жолоодсон 105, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 53
  • Арванхоёрдугаар сарын 27-нд: Согтуугаар автомашин жолоодсон  100, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ АРХИГҮЙ ТЭМДЭГЛЭЖ, ХҮҮХДИЙН ДЭРГЭД СОГТУУРАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн "Сүүлийн гурван жилийн хугацаанд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 106 хүн осгож нас барсан. Харин энэ оны арванхоёрдугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн есөн хүн осгож амиа алдаад байна. Мөн архины гүн хордлогын улмаас өнгөрсөн жил 149 хүн, энэ оны эхний 11 сарын байдлаар 128 хүн амь насаа алдсан.

Иймд шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.

  • Шинэ жилийн баярыг заавал архи, согтууруулах ундаатай тэмдэглэх шаардлагагүй. Аль болох согтууруулах ундааны зүйлээс татгалзахыг уриалъя.
  • Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр хүүхдийнхээ дэргэд архидан, согтуурахгүй байхыг хүсье. Хүүхдүүд танаас үлгэр, дуурайл авч өсөж хүмүүжиж буйг үргэлж санах хэрэгтэй.
  • Иргэд, олон нийт энэ долоо хоногт баярын хүнсээ цуглуулж хотын хөл, хөдөлгөөн нэмэгдэнэ. Иймд халаасны хулгайд эд зүйлээ алдахаас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сануулъя.
  • Салют зэрэг тэсэрч дэлбэрэх зүйлсийг хэрэглэхээс зайлсхийж, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" гэлээ.

ХАМТ ОЛНОО ХАРЬСАН ЭСЭХЭД ОНЦГОЙ АНХААРАЛ ТАВЬ

Мөн албан байгууллагын шинэ жилээр нэгнээ архиар шахахгүй байх, согтсон найзыгаа гэрт нь хүргэж өгч, араас нь анхаарал тавихад онцгой анхаарах хэрэгтэй байгааг зөвлөлөө.

Байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай байна.

Хэрэв танай байгууллага хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэх гэж байгаа бол архинаас татгалзах, архи, согтууруулах ундааг хэрэглэх бол тохируулан болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг, гэр бүлдээ тэмдэглэж буй баярынхаа үеэр, хүүхдийнхээ дэргэд архи, пиво уухгүй байхыг зөвлөлөө.

Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярыг угтан, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Хариуцлагаар үлгэрлэе" аяныг арванхоёрдугаар сарын 13-наас эхлүүлээд буй. Аяны хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж ердийн өдрүүдэд 200-350 алба хаагч эргүүлд гардаг байсныг 500-600 болгон нэмэгдүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ