Монголын үндэсний цагаар тусгаар тогтнол чамайгаа л...

             

       Монгол үндэстний өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр “Монголын үндэсний цаг” хэмээх ойлголтыг ярьж хэлж болохоор байна. Нөгөө талаас Монгол үндэстний насжилтын тухай томьёолол ч юм шиг санагдах нь бий. Бас эвлэлдэн нэгдсэн эсгий туургатнуудын тэнгэрийн цаг доорхи тэр өдрүүдийг тэмдэглэж, тэгээд хэтийдсэн бага хаадын үеийн ой санамжаа алдсан он жилүүдийн “нялх цэнгэл”-үүдийг хамаатуулж, манжийн дарлалаас гарсан түүхэн цагаар түүчээлж, манай дарга нар одоо цагт хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэмрүү хүргэх гэж яваа гээд, хөх, шар, улаан, хөхөмдөг төрүүдийн хэв шинжүүдийг ч хэлж болно. Ямар ч атугай Монголын үндэсний цаг таны оюун санаанд далд өөриймсөж, таньд хүрнэ, бас сэрнэ.   Монгол мандан бадарч байхад, монгол зовж явахад, монгол зовлонгоо давж гарах үед ч Монголчууд байсан. Тэр утгаараа бол Монгол түмний минь л цаг юм. 1911 оны 12 дугаар сарын 29 болбоос Монголын үндэсний цаг хугацаанд яах аргагүй тусгаар тэмдэглэгдэх төрийн гал голомтыг дахин бадраасан тусгаар тогтнолын үнэ цэнийг агуулсан түүхэн өдөр мөн. 11-р сарын 26-ны анхдугаар үндсэн хууль баталсан өдөртэй андуурч эндүүрч тусгаар тогтнол хэмээн “бусгаар” хашгирч будилуулах нь  бий. Бас шинэ жилийн оргилуун дарс, даашинзны хормойнд бүдгэрч, даржин хэдэн түүхчид нь хааяа хааяахан хальтирсан яриа өгөх нь ч бий.    Бүх зүйлс цаг хугацаатай гэдэг юутай үнэн. Манжийн төр доргиж мөхөл үнэртэх цагаар, Дундад иргэд дундуураа хуваагдаж мөрөөсөх үест Хятадаас яг гурван хоногийн өмнө Монголчууд тусгаар тогтнолоо зарласан нь тухайн үеийн зовсон монголчууд зовлон дээр нь шидсэн зоосонд үндэсний ой санамжаа арилжчихааргүй дархлаатай байсан төдийгүй, тэр ч бүү хэл үндэсний сэхээтнүүд маань дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг хэрхэн ажиглаж анаж байсан гэдгийг бэлэхнээ гэрчилнэ. Нууц товчооны нууц гэдэг шиг тусгаар тогтнолын түүхэн үйл явцын нүцгэн үнэнийг дээлээ өмсөж тэмдэглэхээс гадна, дээлэн доторхи зүрх сэтгэлээ нээж таньж мэдмээр бодогдохыг нуух юун. Туурга тусгаар улс гэрээ бадруулж, тусгаар тогтнолоо батлах ёстой гэх үзэл санаанд Өвөр Монголын сэхээтнүүд зохих үүрэг гүйцэтгэсэн ч өнөөдрийг хүртэл бичиг соёлоо дээдлэх эрх чөлөөгүй тэд, хааяа хааяахан бидэнрүүгээ зөв харж инээж, буруу харж уйлж л явна.

    Тусгаар тогтнох их үйлд Богд хаан оройлон, Чин ван Ханддорж тэргүүтэн зонхилох үүрэгтэй байсан хэмээн түүхчид үзэх ч, эдгээр хүмүүсийн нийтлэг ашиг сонирхол нь улс гэрээ бадруулах ёстой юм байна гэдэгт нэгдэж чадсан нь яах аргагүй Монголын үндэсний цаг хугацаан дахь үйл хэрэг юмаа. Харин тэрхүү тусгаар тогтнолын үнэ цэнийг Монголын үндэсний цагийг бүтээх дараа үеийнхэндээ бид хэрхэн өвлүүлэх вэ?

      Өнөө цагийн эх орончидын олон нүүрт дүр төрх гэвээс ад зэтгэр лугаа ааш аяг танигдахын аргагүй хувирч өөрчлөгдөх агаад, үйлдэж байгаагаас нь үзэхэд зөв дурсахуй, зөв тэмүүлэхүй, зөв төвлөрхүй, зөв мэдэхүй үгүй тул, төрийн өндөр албан тушаалтаны ёс зүйн асуудлыг уламжлал шинэчлэлийг хослуулан нэн чухлаар нягтлан хэмжиж үзвээс зохилтой мэт.

     Үндэсний үзэл санаа, хэт үндсэрхэг үзлийг тунгаан илааршуулж, соёлын хэмжээнд хөрвүүлэн “үндэсний ой санамж” болгон авч явбаас нэн тустай байжихуй.

     Даяаршихдаа бид ондоошихоо мэдэж, ондоошихдоо бид даяарыг хүндлэх ахул олон улс дотор өөрийн биеийг хичээж, бусдыг хүндлэн эрхбиш зөв бүтнэ бизээ.

     Монголын үндэсний эрх ашгийн өмнө чухаг хэрэгт хатуу зогсож, монгол улсын хөгжилд олон ургальч үзлээр хандаж, бусдын сайнтай садансаж хамтарч хийж бүтээвээс зөв болой.

Монголын үндэсний цагаар + тусгаар тогтнол чамайгаа л...

 

                                                             Сэтгүүлч Жарантайн Соёл-Эрдэнэ

   

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ