Ким Жөн Ун жингээ огцом хасчээ

"Саяхан болсон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны бүгд хурлын үеэр удирдагч Ким Жөн Уны авахуулсан гэрэл зургуудаас харахад сүүлийн үед жин нэлээд хасчээ" гэж Британийн "Daily Mail", "Daily Star" зэрэг сонинд бичсэн байна. Таамаглалаа батлахын тулд тус улсын алдартай хэвлэлүүд Ким Жөн Уны сүүлийн үеийн болон 2019, 2020 оны олон нийтийн арга хэмжээнд авсан гэрэл зургууд харьцуулсан аж. "Daily Star"-д "Туранхай Ким Жөн Ун жингээ хассаны дараа БНАСАУ-д болсон уулзалтын үеэр бараг танигдахын аргагүй харагдаж байна" хэмээн бичсэн бол "Daily Mail"-д "Ким Жөн Ун ковид болон хориг арга хэмжээний улмаас үүссэн эдийн засгийн хямралын дунд БНАСАУ-ын ялалтын дараагийн шатны талаар төрийн зүтгэлтнүүдэд хандан үг хэлэхдээ хэзээ ч ийм туранхай харагдаж байгаагүй" хэмээн өгүүлжээ. Мөн 20 орчим кг-аар турсныг нь онцолсон юм. Түүний турсан шалтгааныг Британийн сэтгүүлчид эрүүл амьдралын хэв маягаас гадна цар тахлын үед хил хааж, хоол хүнсний хүндрэлтэй байгаа өнөө үед ард түмэнтэйгээ эв нэгдэлтэй буйн илрэл болгон хоолны дэглэм барих шийдвэр гаргасантай холбоотой гэж үзэж байгаа юм.
Ким Жөн Ун даваа гарагт болсон Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны нэгдсэн хуралдаанд оролцож, "Нам, засгийн 2021 онд дэвшүүлсэн үндсэн зорилтуудын хэрэгжилт, удахгүй хэрэгжүүлэх тактик, стратегийн төлөвлөгөө"-г танилцуулсан байна. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр хуралд оролцогчид "хэлэлцэх асуудлыг баталж, түүний асуудлуудыг хэлэлцэж эхэлсэн" гэнэ.
БНАСАУ 2020 оны нэгдүгээр сард коронавирусын халдвар гаднаас нэвтрүүлэхгүйн тулд хилээ бүрэн хаажээ. Албан ёсны мэдээллээр цар тахал эхэлснээс хойш тус оронд коронавирусын халдварын тохиолдол гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ