Эрүүл мэнд, онцгой байдлын алба хаагчдыг дөрөв дэх тунд хамруулна

Засгийн газрын ээлжилт хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Болортуяа "Нэгдүгээр сарын 4-ний байдлаар омикрон хувилбар дэлхийн 135 улсад тархсан байна. Энэ хувилбараар өвдөж нас барсан хүний тоо 104-т хүрсэн байна. энэ хувилбартай холбоотойгоор Ерөнхий сайд УОК, Эрүүл мэндийн яаманд тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
- Гадаадаас ирж байгаа иргэдийн халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх
- Вакцины гуравдугаар тунд хамрагдаад гурван сар болсон иргэдийн дөрөвдүгээр тунгийн хамралтыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулах
- Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багууд буюу эрүүл мэнд, онцгой байдлын ажилчдыг дөрөвдүгээр тунд хамруулах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгалаа.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өглөө. Тэрээр “Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Зарим улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 200-400 мянгын хооронд хэлбэлзэж байна. Хоолой өвдөх, үе мөч өвдөх, ханиалгах зэрэг томуу төсттэй ойролцоо шинж тэмдэг илэрч байна. Манай улсад өдөрт бүртгэгдэх коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь шинэ жилээр хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой. Анх омикрон хувилбар бүртгэгдсэн цагаас хилийн хяналтыг чангатган ажиллаж байна. 11 дүгээр сарын 27-ноос хойш 104 онгоцоор 10 гаруй зорчигч ирж, тэднээс халдварын 411 тохиолдол зөөвөрлөгдөж батлагдсан байна. Манай улсад геномын дараалал тогтоодог аппарат байгаа. Одоогийн байдлаар зарим шинжилгээний хариу эцэслэгдээгүй байна. Бид хүлээж байна. Мөн 100 сорьц Япон улс руу баталгаажуулахаар явуулсан, хариу нь энэ сарын сүүлээр ирнэ. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 48.2 хувь нь гуравдугаар тунд хамрагдсан байна. Гурав дахь тун хийсний дараах судалгааны үр дүнгүүд гарч гурван сарын дараа эсрэг биеийн хэмжээ буурч буй нь тогтоогдсон. Иймээс дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хамруулах шийдвэр гаргахаар тогтоол бэлдэж байна. Вакцины нөөц хангалттай байна. Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал учраас халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй. Одоо томуугийн идэвхжлийн үе. Тархалт идэвхтэй нэмэгдэж байна. Хүүхдийн орны дүүргэлт 70 орчим хувьтай байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ