Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг БШУ-ны сайдад даалгажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталсан байна. 

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлжээ. 

Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгасан байна. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталжээ. 

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” 2020-2024 онд хэрэгжинэ. УИХ-аас 2015 онд Монгол хэлний тухай хуулийг баталсан бөгөөд энэ удаагийн хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад оршиж буй. 

Хөтөлбөрийн хүрээнд “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх ба төрийн албан хаагчид монгол бичгийн чадвараа шалгуулахаар болсон. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ