Назарбаев болон охидууд нь Казахстанаас явцгаажээ

Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев тус орноос явжээ. Анхны ерөнхийлөгчийн хамт түүний охид гэр бүлийнхэнтэйгээ гадагшаа гарсан байна.
Казахын Orda.kz сайт өөрийн учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан нэгдүгээр сарын 7-нд ийм мэдээлэл тараажээ. Тэдний хэлснээр, “үндэсний эцгийн” ах Болат Назарбаев л эх орондоо үлдсэн байна.
“Казахстанд улс төрийн хямрал эхлэснээс хойш албан ёсны эрх баригчид, төрийн телевизийн сувууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн аль аль нь Нурсултан Назарбаев болон түүний гэр бүлийн гишүүдийн нэрийг дурдахгүй байгаа нь анхаарал татаж байна. Тэд хаана байгаа, тэд хэрхсэн тухай ч мэдэхгүй байгаа юм. Анхны ерөнхийлөгч болон түүний охид, тэдний гэр бүлийнхэн Казахстанаас явсан тухай мэдээлэл бидэнд байгаа. Харин том ах Болат Назарбаев л эх орондоо үлдээд байна” гэж сайтын ерөнхий редактор Гульнара Бажкенова бичжээ.
Албан ёсны мэдээ болон албаны хүмүүсийн хэлсэн үгэнд тус орны нийслэлийг Нур-Султан гэж огт дурдахгүй байгааг тэр бас онцлон тэмдэглэсэн байна.
Нурсултан Назарбаев Казахстаны ерөнхийлөгчийн албыг бараг 30 жил хашиж, 2019 оны гуравдугаар сард уг албан тушаалыг орхисон билээ. Үүний дараа тэр Казахстаны Аюулгүйн зөвлөлийн насан туршийн тэргүүн, эрх баригч “Нур Отан” намын даргаар үлдэж, тус улсын нийслэл Астана Нур-Султан гэж нэрлэгдэх болсон юм.
Казахстанд эсэргүүцлийн арга хэмжээ нэгдүгээр сарын 2-нд эхлэж, дараа нь эмх замбараагүй байдал болж хувирсан юм. Тэмцэгчид тус орны анхны ерөнхийлөгчийн хөшөөнүүдийг буулгажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ