Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүллээ

Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 175 шалгуур үзүүлэлтийг ашиглажээ. Аймгуудын өрсөлдөх чадварыг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад Өрсөлдөх чадварын дундаж оноо 9 оноогоор нэмэгдсэн бөгөөд аймгуудын өрсөлдөх чадвар сайжирсан хэмээн дүгнэж буй юм. "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021”-д дурдсанаар аймгуудын эдийн засаг, засаглалын хувьд сайжирсан ч дэд бүтцийн хувьд сайжирсан зүйлгүй, бизнесийн орчны үнэлгээ буурсан байна. Өрсөлдөх чадварын индексээр байр эзлүүлэхэд Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь удаалжээ. Харин Булган аймаг хамгийн бага оноо авсан байна.
Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь, Дорноговь аймгууд тэргүүлсэн бол Завхан, Дундговь, Баян-Өлгий аймгууд сүүлийн байр эзэлжээ. Бизнесийн орчин, үр ашиг Дархан-Уул, Баян-Өлгий, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад өндөр байгаа бол Завхан, Говь-Алтай, Булган аймгийн хувьд бизнесийн орчин сул идэвхгүй байна. Засаглалын үр ашгаар Сүхбаатар, Говьсүмбэр Сэлэнгэ аймаг тэргүүлсэн бол Баян-Өлгий, Завхан, Ховд сүүл мушгижээ. Харин Дорноговь, Дархан-Уул, Ховд, Орхон аймгууд дэд бүтцийн хөгжлөөрөө тэргүүлсэн бол Төв, Булган, Баянхонгор аймгууд энэ бүлгийн үзүүлэлтээр хамгийн бага үнэлгээ авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ