Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийг хаахгүй. Аль болох танхимаар хичээллүүлэхийг UNESCO зөвлөсөн

-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Вакцинжуулалт сайн, хүүхдүүдийн өвчлөл бага байсан учраас бид өнгөрсөн намар хичээлийг эхлүүлсэн. Танхим, цахим хосолсон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байсан.

5/9-ийн зарчмаар хичээллүүлэхэд 69 цэцэрлэг, 332 сургуульд халдвар илэрсэн. Гэхдээ халдварын тохиолдлын тоо маш цөөн байсан нь танхим, цахимаар хослуулан хичээллэсэнтэй холбоотой. Голомтолсон халдвар гараагүй.

Сургууль, цэцэрлэгийг хаахгүй. Аль болох танхимаар хичээллүүлэхийг UNESCO зөвлөсөн.

Энэ намраас төрийн өмчийн бүх сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулна. Цар тахлын энэ үед сургууль бүр сэтгэлзүйчтэй байх нь чухал юм.

Цахим хичээлийн үр дүн муу гарсан. Хичээлийн 60-70 хувийг цахимаар судалсан учраас хүүхдүүдэд хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс хичээлийн хоцрогдлыг нөхөх төлөвлөгөөг гаргасан.

Гэхдээ өмнө нь ч хүүхдүүд хичээлийн хоцрогдолтой байсан. Дээр нь цар тахлын улмаас хичээлийн хоцрогдол бүр даамжирлаа. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 23 хувь нь техник технологи, дата зэрэг байхгүйгээс хичээлээс хоцорсон байна.

40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайн ажиллажээ. Харин үүнээс дээш насныхан хүүхэдтэйгээ тааруу ажилласан нь судалгааны үр дүнгээр харагдсан. Цаашдаа бүх сургалтыг танхимаар хичээллүүлэхэд анхаарч ажиллана. Сүүлийн хоёр жилд 2000 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна гэх тоон үзүүлэлт гарсан нь хамгийн харамсалтай мэдээ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ