"Эхийн алдар одон"-г зургаадугаар сард олгоно"

"Эхийн алдар одон"-г гуравдугаар сарын 8-нд гардуулж өгөхөөр болсон уу, аймаг, сум, дүүрэг, хороодын нийгмийн ажилтанд одон авах ээжүүдийг материалаа бүрдүүлж өгөхийг мэдэгдсэн тухай мэдээлэл байна. Уг одонг жил бүрийн зургаадугаар сарын 1-нд эхчүүдэд гардуулан өгдөг билээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад "Эхийн алдар одонг гуравдугаар сарын 8-нд олгодог болох хувилбар яригдаж байсан ч хуучнаараа олгохоор болсон" гэсэн тайлбарыг өглөө. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 1-ндээ гардуулж өгөх нь.
Ерөнхийлөгчийн зарлигаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол хоёрдугаар зэргийн одонг олгодог. Энэхүү одонг авахад бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх шаардлагатайг хуульд тусгажээ.
Нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгдөг билээ.
ХНХЯ-наас өгсөн мэдээллээр нэгдүгээр зэргийн одонтой 65 мянга орчим, хоёрдугаар зэргийн одонтой 170 мянга орчим ээж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ