Европын холбоо ОХУ-ын улс төр, цэрэг, эдийн засгийн салбарын 400 орчим хүнийг хоригт оруулжээ

Одоо уг жагсаалтад 555 хүн, 52 байгууллага байгаа аж. Хар жагсаалтад багтсан хүмүүст ЕХ-ны орнуудад зорчихыг хориглож, банкны системд нэвтрэхийг хориглодог байна. ЕХ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Антон Вайно, Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова, RT агентлагийн дарга Маргарита Симоньян, телевизийн хөтлөгч Владимир Соловьев, нийгмийн зүтгэлтэн, “News Front” мэдээллийн агентлагийн дарга Константин Кнырик нарыг хоригийн жагсаалтад оруулжээ. Мөн шадар сайд Марат Хуснуллин, шадар сайд Дмитрий Григоренко, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Оросын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч Николай Евменов, түүний орлогч Владимир Касатонов, хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков, Агаарын цэргийн хүчний командлагч Сергей Дронов, Агаар, сансрын хүчний ерөнхий командлагч Сергей Суровкин, Хар тэнгисийн флотын командлагч Игорь Осипов нар багтжээ.
Үүнээс гадна, БНДАУ, БНЛАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн Төрийн Думын бүх депутатыг оруулсан байна. Хар жагсаалтад мөн бизнес эрхлэгч Евгений Пригожины эхнэр Любовь Пригожина, түүний ээж Виолетта Пригожина нар багтжээ. ЕХ мөн худалдаа, хөрөнгө оруулалт, техникийн туслалцаа зэрэг БНДАУ, БНЛАУ-тай аливаа харилцаа холбоо тогтоохыг бизнес эрхлэгч нартаа хориглосон байна.
Түүнчлэн Европын жуулчдыг Донбасс руу аялах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хоригложээ. Мөн экспортлож, импортлохыг хориглосон хэдэн зуун нэр төрлийн барааны жагсаалтыг баталсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ