ГХЯ: Киев, Харьков хотод байгаа иргэдийг татан авах ажиллагааг хойшлууллаа

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болов. Энэ нь Украины цагаар өглөө болж байгаа тул шуурхай мэдээлэл хүргэх зорилготой гэдгийг онцоллоо.
ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн:
-Украинд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй. Одоогоор Өргөмжит Консул буюу Украин улсын иргэн ажилладаг. Тус хүний дэмжлэгтэйгээр бид тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Элчин сайдын яамдаас Консулын ажилтнуудыг татан ажиллуулах, төвөөс Консулын ажилтан илгээхээр төлөвлөж байна.
Украин дахь оюутнуудын зүгээс Гадаад харилцааны яамнаас нөхцөл байдал хүндрэхээс өмнө татан авах тал дээр анхаарал хандуулахгүй, хайхрамжгүй хандсаныг шүүмжилж байгаа. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас “Нөхцөл байдал хэвийн, тогтмол нислэг үйлдэж байсан тул тусгай үүргийн нислэгээр татах авах шаардлагагүй байсан” гэх тайлбарыг өглөө. Тус яамнаас “Оюутнуудтай уулзах үеэр тусгай үүргийн нислэг явуулж татан авах шаардлага тавьж байсан. Тухайн үед нөхцөл байдал хэвийн байсан тул эцэг эхтэйгээ ярилцаж, эх орондоо ирэхийг зөвлөсөн. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө нислэг хэвийн байх үед ирэхийг зөвлөж байсан. Тухайн үед тусгай үүргийн нислэг үйлдэх шаардлагагүй байсан. Зарим оюутны зүгээс Монгол Улс руу ямар ч тохиолдол буцахгүй гэдгийг хэлсэн. Харин нөхцөл байдал хүндэрвэл хоргодох байрны жагсаалт гаргаж өгөх хүсэлт гаргаж өгсөн. Иймд томоохон хотууд дахь хоргодох байрны жагсаалтыг гаргаж өгсөн” гэсэн юм.
Мөн бидний зүгээс оюутнуудаа энэ сарын 26, 27-нд Киев-Станбул болон Харьков-Станбул чиглэлийн нислэгээр татан авахаар билетийн захиалга өгсөн байсан боловч тухайн өдрийн нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр дараагийн хувилбар бол иргэдээ газраар татаж авах. Харьковд байгаа оюутнуудыг Орос руу татаж авах боломж байгаа эсэхийг судалж байгаа. Мөн Киев болон бусад хотуудад байгаа монгол иргэдээ Польш, Унгар, Чех гэсэн орнууд руу газраар татаж авах боломжийг судалж байна. Одоогийн байдлаар Харьков, Киев болон бусад хотуудаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан гэж ойлгож байгаа. Тэгэхээр иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлэхэд хүндрэлтэй байна. Бид иргэддээ нөхцөл байдал тайван болтол байгаа газартаа байгаарай гэсэн зөвлөгөөг өгч байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ