Нэг сая төгрөгийн дүрмийн сантай төслийн компани нэртэй компаниудад зээл олгосон

Хөгжлийн Банкны удирдлагууд одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийг үеэр зээлдэгчдийн хамаарал бүхий этгээд Хөгжлийн Банканд ажиллаж, өөрийн хувь эзэмшдэг компанидаа зээл олгоход нөлөөлж байсан болохыг хуулийн байгууллага тогтоосон гэдэг мэдээлэл дурдсан. Энэ талаар тодруулахад,
Хөгжлийн Банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар "АТГ-аас өгсөн мэдээлэлд бүлэглэж үйлдсэн гэдэг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа. Бүлэглэж үйлдсэн гэдэгт зөвхөн зээл олгох шийдвэр гаргасан даргаас гадна зээлдэгчийн бодит нөхцөл байдлыг өөрчилж шаардлага хангасан гэдэг дүгнэлт гаргасан хүмүүс хамт шалгагдаж байгаа гэсэн үг.
Шалгагдаж байгаа хүмүүс нь зээл авч байгаа этгээдийн хувьцааг эзэмшдэг. Жишээ нь, хувьцааны 30 хувийг нь эзэмшдэг хэр нь зээл олгох процесст оролцсон. Эрүүгийн хэрэгт шалгагдаад яллагдагчаар татагдсан хэр нь одоо ажлаа хийж байгаа хүн байна.
Зарим тохиолдолд зээлдэгчтэй хийсэн уулзалтын дараа мэдээлэл задарч байна. Зээлдэгчтэй хийсэн уулзалтын дараа сайд, дэд сайд, улстөрчид ярьж байна.
АТГ-ын газраас ашиг сонирхлын зөрчилтэй ийм хүмүүс байна гэдэг мэдээллийг манайд өгсөн.
Ихэнх зээлдэгч нарын тохиолдолд нэг сая төгрөгийн дүрмийн сантай төслийн компани нэртэй, үндсэн бизнесээсээ тусдаа компаниудад зээл олгосон. Дансыг нь хаая гэхээр гүйлгээ хийдэггүй. Тэгсэн хэр нь охин компани юм уу хамаарал бүхий компанидаа бүх лиценз, зээлийн хөрөнгө оруулалтын дүнд үүссэн хөрөнгөө бүртгээд экспортод гаргаад байдаг.
Ерөнхий сайд бидэнд хараат бусаар ажиллаж үүрэг өгсөн. Хэрэв шаардлагатай гэж үзвэл бидний ажилд саад болж байгаа албан тушаалтнуудыг зарлаад явах болно.
Зээлдэгчидтэй уулзах явцад түгээмэл зүйл хэлж байгаа. Зээлдэгчид Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах том үйлдвэр байгуулсан гэж хэлдэг. Гэвч энэ бол тухайн хүний л бизнес. Тэр хүн л ашгийг нь хүртэж байгаа. Монгол Улсын төлөө үйлдвэр байгуулсан байхад Хөгжлийн Банк хурааж, үйл ажиллагааг нь зогсоох гээд байна гэдэг. Гэтэл зээлдэгч нар 1,000-1,200 хоног үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй, уулзаа ч үгүй. Тиймээс энэ асуудал энгийн зээлдэгч, зээл олгогчийн хоорондоо учраа олдог арга хэрэгслээр шийдэгдэхгүй хэмжээнд очсон.
Мөн зээлдэгчдийн зүгээс барьцаа хөрөнгийг худалдан борлуулах гэж байгаа тул чөлөөлүүлье гэдэг хүсэлт тавьдаг. Энэ нөхцөлд бид зээлдэгчдээ дэмжиж ажиллаж байгаа. Түүнчлэн зарим зээлдэгч дуудлага худалдаагаар 50 хувь хямдруулаад ч зарагдахгүй байгаа хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөө Хөгжлийн Банканд санал болгож, ав гэж шахаж байна. Хөгжлийн Банк ийм байдлаар ажиллахгүй. Зөвхөн түргэн эргэлдэх активыг зээлдээ төлбөр болгон авч байгаа” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ