"Төрөөс дэмжвэл нарийн ногооны дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой"

Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо ТББ, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциац хамтран “Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохиолоо.

Хэлэлцүүлгийн эхэнд илтгэл тавьсан Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо ТББ-ийн тэргүүн Я.Оюунчимэгээс тус салбарт тулгамдаж буй асуудлын талаар тодрууллаа.

Тэрээр "Монголчууд 1980-аад онд нарийн ногоог эх орондоо тарихаас гадна Орос руу экспортолдог байсан. Харин хувьчлалаас хойш дотоодын хэрэгцээгээ ч хангаж чадахаа больсон.

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэдэг нь КОВИД-19-ийн үеэр илүү харагдлаа. Үүнд төрийн бодлого маш чухал. Монголд одоогоор 90 га хүлэмж байгаагаас 60 га нь зуны, 30 га нь өвлийнх. Зуны улиралд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байгаа ч өвлийн улиралд чадахгүй байна.

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд анхны хөрөнгө их шаарддаг учраас төрийн дэмжлэг чухал. Орос, Хятад, Солонгост хүлэмжийн аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд цогцолбор байдлаар нь барьж түрээслүүлж байсан туршлага бий. Нэг аж ахуй нэгж 3 гагаас дээш хүлэмжтэй байж өөрийгөө даах чадвартай болдог.

skip-share

Өвлийн 30 га хүлэмжтэй боловч түүний 10 хувийг л ашиглаж байна. Учир нь дулаанаа шийдэх хөрөнгө дутмаг

Өвлийн 30 га хүлэмжтэй боловч түүний 10 хувийг л ашиглаж байна. Учир нь дулаанаа шийдэх хөрөнгө дутмаг. Хүлэмжийн аж ахуй эрхлэх зардлын 70-80 хувийг дулаанд зарцуулдаг. Хүлэмжийг тогтвортой хөгжүүлэхэд 8-10 жилийн хугацаатай бага хүүтэй зээл шаардлагатай болдог. Мөн бидэнд ажиллах хүчний хомстол нүүрлэж байна.

Бид  ногоогоо худалдаалахдаа өөрийн өртөг дээр 200-300 төгрөг нэмдэг. Гэвч зуны улиралд ногоо олшрох үед ченжүүдийн аманд орж үнэ буурдаг. Импортын ногоо хямд, Монголын ногоо үнэтэй байгаа зүйл үгүй. Нарийн ногоог удаан хадгалах хэцүү. Учир нь 10-14 хоногт мууддаг.

Одоо ашиглагдаж байгаа өвлийн хүлэмжүүдээ төрөөс дэмжвэл хоёроос гурван жилийн дотор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, ОХУ руу экспортлох боломжтой" гэв.

Өдгөө Монгол Улсад хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 200-300 компани, нэгж байдгаас 40 гаруй нь идэвхтэй ажилладаг байна. Эдгээр компаниуд ихэвчлэн улаан лооль, өргөст хэмх, чинжүү тариалж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ