Поп дива С.Сэрчмаа: Дуулиан шуугиантай оддын нэг гэдэгтэй санал нийлнэ шүү

      Хайрын дууч, поп дива, МУСТА С.Сэрчмаа энэ сарын долоонд "Хаврын сарнай" тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэнд толилуулъя.               
  -Удахгүй болох тоглолтын тань талаар ярилцлагаа эхлэх үү?           
 -Гуравдугаар сарын 7-нд "Хаврын сарнай" нэртэй хүндэтгэлийн тоглолтоо хийнэ. Энэ тоглолтыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан эмэгтэйчүүддээ миний   барьж буй хүндэтгэлийн тоглолт гэж ойлгож болно. Тоглолтод маань ЦДБЭЧ-ын эстрад симфони найрал хөгжимчид, УГЖ, "Инээмсэглэл" хамтлагийн дуучин Ганхуяг, УГЗ, "Никитон" хамтлагийн дуучин Батчулуун, УГЗ, продюсер Ангирмаа, СТА, "Титэм" хамтлагийн дуучин Тайванбат, СТА, "Дижитал" хамтлагийн дуучин Эрка, цэнгээнт бүжгийн "Улаан сарнай" хамтлагийнхан оролцоно. Бяцхан нууц задлахад тоглолт маань үндсэн гурван хэсэгтэй. Үзэгч сонсогчдоосоо азтан шалгаруулах гэх мэт гэнэтийн бэлэг бий шүү.   
No description available.
                                          
 -Та өнгөрсөн намар АНУ-д тоглосон байх аа?                                               
 -Зургаан хотод нь тоглосон. Иллинойс мужийн Чикаго, Колорадо мужийн Денвер, Юта мужийн Солт-Лэйк, Сан-Франциско, Вашингтон диси, Каролина мужийн Шарлотт гээд. Элэг нэгт монголчууд маань "Сэрчмаа хамгийн түрүүнд ирлээ" гэцгээж байсан шүү.                                Бас ковидоос болоод хоёр жил завсарлаад Ричмонд хотод "Folk music festival"-д оролцож, ая дуугаа өргөлөө. Тэнд маш олон орны уран бүтээлчид очсон байв. Энэ фестивальд ая дуугаа өргөхийг Монголоос АНУ-д суугаа соёлын төлөөлөгч, цамын баг урлаач Ганхуяг ах санал болгосон юм. Би ардын болон өөрийнхөө дууг дуулсан. Америкийн үзэгчид, сонсогчид ч Монголын минь дуу хуур, бүжиг, хөгжим энэ бүх соёл, урлагийг хараад маш их бахархсан шүү. Тэдэнд их ч таалагдсан.                      
Ер нь аялгуу гэдэг бол хэлийг нь ойлгохгүй ч гэсэн дэлхийн хэл юм даа. Тиймээс Монголын маань соёл, урлаг дэлхийд, дэлхийн хүмүүст бас таалагддаг юм байна гэдгийг энэ фестивальд оролцоод мэдлээ. Манай уран бүтээлчид зөвхөн Монголдоо гэхгүй дэлхий рүү хандаж, уран бүтээлээ хийж буй нь сайхан санагдаж байна. Тухайлбал, "The Hu" хамтлагийг бид бэлээхнээ харж байна шүү дээ.  

     May be a closeup of 1 person and indoor                   

-Нутаг нэгтнүүд хэрхэн хүлээж авав?                           

  -Мэдээж маш сайхан хүлээж авсан. АНУ-д байгаа монголчууд маань маш их ажилтай, завгүй байдаг учраас тоглолтоо тав дахь, хагас сайн, бүтэн сайн буюу амралтын өдрүүдээр нь хийсэн. Нутгаа маш их санасан, тэнд 18-20 жил болчихсон хүмүүс, бас анх ирж суурьшигчид, оюутнууд байлаа. Мөн өвөр монголчууд ирж үзсэн. Монгол дуу хуураараа эх орноо санасан сэтгэлээ дэвтээж, зүрхээ зөөлрүүлэн, хайрын дуунуудыг маань хамтдаа сонсож, ээжийн тухай дууг минь цугтаа дуулж, зүрх сэтгэлээ уяраан, нэгэн үдшийг сайхан өнгөрүүлсэн.          

 -Ганцаараа яваагүй нь мэдээж. Танай багт хэдэн хүн багтав?                    

 -Би АНУ руу хоёр охинтойгоо цомхон явсан. Очсон газар болгондоо дижи аваад, саунд инженерээр дууны тохиргоогоо хийлгээд явсан. Миний хувьд олон хүн авч яваагүй маань ч дээр болсон. Амьд хөгжмийн хамтлаг олуулаа явдаг. Би ганцаараа дуулдаг болохоор ямар ч асуудал байгаагүй ээ.            

  -Үүнээс өмнө та АНУ-д хэдэн онд тоглов? Ер нь хэдэн удаа тоглосон бэ?                                                            
-Анх АНУ-д 2005 онд тоглосон, албан ёсны эрхтэйгээр. Ер нь 4-5 удаа тоглосон юм байна шүү. Заримдаа нэг хотод юм уу эсвэл нэг шинэ жил дээр очиж тоглож байлаа. Харин ийм аялан тоглолт хоёр дахиа хийлээ. Тоглоогүй газар гэвэл Сиэтл, Лос-Анжелес. Гэхдээ тэнд очиж тоглох бодол бий шүү. Ноднингийн аялан тоглолтоос өмнө гэвэл ковид-19-өөс өмнө буюу 2018 онд Вашингтон дисид амьдарч байгаа эмэгтэйчүүддээ зориулаад "Sally & women's party" тоглолт хийсэн.                                                       

  -Аялан тоглолтыг тань хаанаас зохион байгуулав?                                                 

    -Би өөрөө л зохион байгуулсан даа. Америкэд нэлээн олон найз маань байдаг. Олон танилынхаа хүрээнд, рок попынхны маань найзуудын хүрээнд тоглолт маань сайхан болж өнгөрсөн.      Тэнд байгаа монголчууд маань их сайхан хүлээж авсан шүү. Эерэг хүмүүсийн нэгдэл, инээдэг, дархлаагаа сэргээдэг, 95 мянга гаруй хүнтэй "Sally's comedy" группийн админ нь би. Энэ группийн олон гишүүн Америкэд байдаг юм билээ. Дуунуудыг маань сонсдог, намайг дэмждэг, бас миний найзууд, найзуудын маань найзууд маш сайхан хүлээж авсан. Монголдоо байгаа юм шиг монгол хоолоороо дайлаад, гэртээ урьж, сэтгэлээрээ тусалж байлаа. Тусалсан бүх хүндээ, ах, эгч нартаа, найзууддаа энэ ярилцлагыг уншиж байвал "Маш их баярлалаа" гэж хэлье 

-"Miss Asia USA-2021"-д яагаад дуулсангүй вэ?           

-"Miss Asia USA"-д би 11-р сарын 20-нд дуулах ёстой байсан. Гэхдээ Америкэд нэлээн удаан байсан, Монголд хүндэтгэх шалтгаан гарсан учраас миссийн тэмцээнд дуулалгүй хүрч ирсэн. Уг нь дуулах гээд дуугаа бэлдчихсэн, "Түмэн торго" салоныхон маань дээлийг минь урлаж бэлдчихсэн байлаа. Угаасаа болох юм болдог, болохгүй юм болдоггүй тул тэгээд л дуулсангүй. Харин энэ тэмцээнд оролцсон Шүүдэрээдээ амжилт хүссэн. Шүүдэрээ маань ч түрүүлсэн шүү дээ. Энэ тэмцээнийг зохион байгуулагч, продюсер эмэгтэй 33 дахь удаагийн тэмцээнд дуулах саналыг надад тавьсан юм. Тэгээд мэдээж тэмцээнийг зохион байгуулах комисстой гэрээ хийсэн.                                    

   -Америк дахь монголчуудын амьдрал хэр байна вэ? Таны хамаатан садан, найз нөхөд тэнд бий юу?                                                    

  -Монголчууд маань тэнд сайхан амьдарч байна билээ. Манайхан хаана л бол хаана дасан зохицож амьдрах чадвар өндөртэй шүү дээ. Нүүдэлчин соёл иргэншилтэй, усыг нь уувал ёсыг нь дага гэдэг жаягаар хаана ч амьдралаа аваад явчихдаг. "Ямар ч хүн танихгүй хэрнээ шууд хүрч ирж буугаад Америкэд суурьшиж байлаа" гэж олон хүний ярихыг сонсож байлаа. Үнэхээр сэтгэлийн хаттай, сэтгэлийн тэнхээтэй, хаана ч амьдарч чадах мундаг арга ухаантай ард түмэн юм даа гэж би бахархаж байлаа, Америк дахь монголчуудаараа. Тэнд сургууль соёл ажиллуулж байгаа, монгол хүүхдүүдэд хичээл заадаг олон багштай танилцсан.               

  -Тэнд монголчууд хэр олон амьдардаг бол?          

   -Газар газрын онцлогоос болоод монголчууд маань хот бүрт амьдардаг тоогоороо ялгаатай. Жишээ нь, Вашингтон дисид нэлээн олон байдаг юм билээ. Арлингтонд бас олон байдаг. Сан-Францискод, Чикагод олон монгол амьдардаг.    Америкийн хот болгон өөрийн хуультай, өөрийн гэсэн хэв маягтай, сайн ажиглах юм бол байшин барилга нь ч өөрийн гэсэн онцлогтой, арай өөр байдаг юм байна.             

 -Санаанаас тань гарахааргүй ямар дурсамж Америк орон, тэндэх монголчууд үлдээв?                                       
  -Тэнд байгаа монголчууд маань маш их сэтгэлээсээ хандаж байлаа. Халуун сэтгэлээр хандсан нь надад их сайхан санагдсан, таалагдсан. Тухайн улсын хотын соёл гэдэг ч юм уу тухайн орчиндоо дасан зохицоод, ер нь тэнд байгаа монголчууд маань маш их чөлөөтэй, ямар нэг хайрцагт ороогүй, хязгааргүй бодож сэтгэж чаддаг, биеэ барих ямар нэг зүйлгүй, чөлөөтэй инээдэг, ичдэггүй гэдэг ч юм уу баригдмал бус байгаа нь надад маш их сэтгэгдэл үлдээсэн. Би яг тийм чөлөөтэй хүн учраас надтай яг адилхан, завтай байгаа ч юм шиг их ойрхон санагдсан.                                     

 -Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Уран бүтээлээ нэлээн удаан завсарлалаа шүү...  
                                             
 -Миний хувьд уран бүтээлээ өдөр шөнөгүй хийдэг байсан шигээ биш бодож, боловсруулж, төлөвлөж хийж байгаа л даа. Сүүлд би "Зүрхэнд амьдрах чи" нэртэй уран бүтээл хийсэн. Үг, аяыг нь өөрөө зохиосон юм. Өмнө нь "Үүрд минийх гэж амлаач" дууныхаа ая, үгийг өөрөө зохиож байлаа. Шинээр хийсэн уран бүтээлүүд маань бараг хоёр цомгийн дуу болсон шүү.                                   
 -20 жилийн өмнөх дуучин Сэрчмааг өнөөгийнхтэй харьцуулбал...          
       
  -Дуулаад 24 жил болжээ. Анх гарч ирж байсан дуучин Сэрчмааг одоогийнхтой харьцуулбал хоёр охины ээж болсон байна. Дууны хувьд өөрчлөгдсөн зүйл нэг их байхгүй л болов уу. Яагаад гэвэл ямар стилиэр сонсогчдод анх хүрч байсан, яг тэр поп урсгал, чиглэлээ бариад дуулах нь маш зөв гэж боддог. Олон ч яруу найрагч, хөгжмийн зохиолчтой хамтран ажиллажээ, энэ хугацаанд.         Ард түмний амьдралтай салшгүй холбоотой дурсамжуудыг дуу дагуулдаг шүү дээ. Тэр утгаараа хайрын дуунууддаа би маш их хайртай. Цаашид хийх уран бүтээлүүд ч хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайрын тухай байх болно.                           
  -Монголын рок, попын дуулиан шуугиантай оддын нэг бол яах аргагүй та...                                                                
-Энэнтэй санал нэг байна аа. "Алтан микрофон" наадмын хэвлэлийн баатар номинацийн эзнээр шалгарч байлаа. Ер нь сонин, сэтгүүлийн борлуулалтад Сэрчмаа маш их хувь нэмэр оруулсан байдаг юм аа (инээв). Одоо бол уншигчид маань аливаад шүүлтүүртэй, цензуртэй ханддаг болж. Аль нь үнэн, аль нь худлаа мэдээлэл бичээд байна вэ гэдгийг ялгаж салгахтайгаа болж гэж би үздэг.    
 
 -Таны талаар элдвээр бичдэг. Энэ бүхэнд яаж ханддаг вэ?                     

 -Энэ бол ганцхан надад ч биш олны танил тамирчид, улс төрчид, урлаг, соёлынхонд байнга л тохиолддог зүйл шүү дээ, энэ чинь. Би ерөөсөө тоохоо больсон шүү дээ. Надад сэтгэлийн дархлаа суучихсан байна аа, энэ олон жилийн хугацаанд. 

 -Ингэхэд та яагаад урлагийн хүн болоо вэ?           

  -Би дөрвөн настайгаасаа л дуулсан юм. Аавынхаа нутаг Архангай аймагт очоод хамаатан садныдаа юм уу айл хунараар орж дуулаад, ааруул, ээзгийгээр шагнуулдаг байлаа. Голдуу л эхийн тухай дуулна. Тиймээс ч миний урын санд эхийн тухай дуу олон бий. "Ангир ээж", "Торойсоор үлддэг миний ээж" гээд л.   Намайг Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулж сурахад ах, эгч хоёр маань их эрч хүч өгсөн шүү. Би зургаан хүүхэдтэй айлын отгон охин. Хоёр ах, гурван эгчтэй. Нэг ах маань алдарт "Queen" хамтлагийг сонсдог, гитар тоглодог. Харин нэг эгч минь "ABBA" хамтлагийг сонсоно. Тэд маань урлагийн гэр бүлийн гаралгүй ч урлагт үнэхээр хайртай, элэгтэй хүмүүс. Тиймээс би урлагийн хүн болох ёстойгоо багаасаа л мэдэрсэн гэж боддог.    
    No photo description available. 
 -Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд тань амжилт хүсье.                              Ярилцсан Ш.Эрдэнэтөр.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ