“Цэцэрлэгийн асуудлаа шийдэж чадахгүй бол цалинтай ээжийн тэтгэмжийг нэм” гэв

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, гэртээ үлдсэн хүүхдүүдийн ээжүүд Март-8-ны өдөр жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлэн улмаар төрийн өндөрлөгүүдэд хандсан өргөх бичиг хүргүүлсэн. Өргөх бичгийнхээ хариуг өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр авахаар тусгасан. Тэд яг одоо Төрийн ордон руу өргөх бичгийнхээ хариу авахаар орж байна.

Эцэг, эхчүүд шаардах бичигтээ цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийн өртөж болох эрсдэл, сугалаагаар цэцэрлэгт хамрагдах шийдлийг халах, харьяаллын бус болон түр оршин суух хаягтай хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг тусгасан. Мөн төрийн өмчийн болон бусад ашиглагдахгүй байгаа обьектуудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломж, хувийн цэцэрлэгүүдтэй төр эцэг эхчүүдэд ээлтэй байдлаар хамтран ажиллах боломжийг тодорхой болгох талаар тусгасан. Хэрвээ энэ асуудалд шийдэл олж чадахгүй бол цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэж өгөхийг агуулгадаа тусгасан.

Эцэг эхчүүдийн төлөөллийг өнгөрсөн баасан гарагт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч, тулгамдаад байгаа асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж хамтдаа шийдэл хайя гэсэнд ихээхэн олзуурхаж найдвар тавин хүлээж буйгаа илэрхийллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ