Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өндөр түвшний уулзалт боллоо

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх сайн туршлагыг хуваалцах зорилготой “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өндөр түвшний уулзалт: Зохистой ажлын байр” хэлэлцүүлэг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Гадаад Харилцааны яаманд боллоо. Тус арга хэмжээг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр” төслийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Олон улсын бизнес эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чан Хи Ли, Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар үг хэлсэн ба УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн явцад саналаа хуваалцсан. Тус хэлэлцүүлэгт монголын бизнесийн томоохон байгууллагын эмэгтэй удирдлагууд, бизнес эрхлэгчдийн төрийн бус байгууллагын төлөөллүүд идэвхтэй оролцлоо.
Гэсэн хэдий ч хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн янз бүрийн хэлбэр, тэр дундаа төрийн болон хувийн хэвшил дэх жендэрт суурилсан хүчирхийлэл нь Монгол Улсад нийгмийн ноцтой асуудал болоод удаж байгаа билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-гаар хоёр хүн тутмын нэг нь “ам хэлээр доромжлох” ажлын байрны дарамт хүчирхийлэлд өртсөн ба хохирогчдын бие махбод, сэтгэл зүйд хохирол учруулаад зогсохгүй гэр бүл, байгууллага, эдийн засаг гээд бүхэлд нь хамарч байгааг онцолжээ.
Ажлын байран дахь дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлж зохицуулахын тулд ажил олгогчид болон бизнесийн эрхлэгчид нь эмэгтэй, эрэгтэй ажилтнуудаа ялгаварлан гадуурхалт, бүх төрлийн хүчирхийлэл, дарамтаас ангид байлгаж, ажлаа илүү чанартай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, үр бүтээлтэй ажлын байрыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Өндөр түвшний хэлэлцүүлгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 190 дүгээр конвенцыг сурталчлан таниулахыг зорьсон бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ОУХБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэй хийж гүйцэтгэсэн “ Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг танилцуулав. Түүнчлэн хэлэлцүүлэгт Рио Тинто Монгол, АПУ компаниуд ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх талаар сайн туршлагаа хуваалцсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ