"14 хүүхэд хашаандаа тоглож байхдаа машинд мөргүүлж нас барсан " гэв

Тээврийн цагдаагийн албанаас “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр хэвлэлийн хурал хийв.

Энэ үеэр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдийн тоо баримтыг мэдээлж, эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж энэ төрлийн осолд хүүхэд өртөж байгааг сэрэмжлүүллээ.

Тэрбээр “ТЦА-наас энэ жил зөвийг хэвшүүлье нэртэй нийгэмд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар тогтов.

Учир нь сүүлийн гурван жилд улсын хэмжээнд зам тээврийн 1,753 осол бүртгэгдсэн. Тухайн ослын улмаас нийт 1,981 хүүхэд хохирсон буюу 166 хүүхэд амиа алдаж, 1,817 хүүхэд гэмтэж баржээ.

Тодруулбал,

  • 2019 онд 49,
  • 2020 онд 61,
  • 2021 51 хүүхэд зөвхөн зам тээврийн ослын улмаас амиа алдсан харамсалтай мэдээлэл байна. Хүүхдүүд голчлон гэр, сургууль, цэцэрлэгтээ явж байхдаа зам тээврийн осолд өртөх тохиолдол нь их гардаг.

Нийт осолд өртсөн хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл:

  • 0-6 насны хүүхэд 34.7 хувийг,
  • 7-14 насны хүүхэд 42.4 хувийг,
  • 15-17 насны хүүхэд 22.4 хувийг тус тус эзэлж байна.

Уг нь цар тахлын улмаас сүүлийн хоёр жил хүүхдүүд хөл хорионд байсан. Гэсэн хэдий ч зам тээврийн ослоор өртсөн тохиолдол буурахгүй байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан асуудалтай шууд холбоотой.

Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн онд зам тээврийн ослоор амиа алдсан 51 хүүхдийн шалтгааныг үзэхэд 14 нь зөвхөн хашаандаа тоглож байсан.

0-6 хүртэлх насны хүүхэд хүртэл яагаад зам тээврийн осолд өртөв гэдгийг авч үзэхээр эцэг, эх болон тэдний садан төрөл, найз нөхөд нь хашаанаас автомашинаа гаргахдаа хүүхэд тоглож байгааг харалгүй, мөргөж амийг нь хохироосон асуудлууд байдаг.

Мөн зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн дийлэнх хувь нь орон нутгийн замд гарсан осолтой холбоотой. Энэ бол мөн л хүүхдэд хамгаалалтын бүс, суудал хэрэглээгүй буюу хүүхдийг буруу тээвэрлэсэнтэй холбоотой.

Түүнчлэн эцэг, эхчүүд согтууруулах ундаа хэрэглэчхээд тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүүхэд хохирч байна. Энэ мэт байдал нь хүүхдийг зам тээврийн осол хэргийн золиос болгож байна.

Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дотор нь гурван хүүхдээ суулгаад тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас онхолдож, хоёр хүүхдийн амь нас хохирсон тохиолдол Сэлэнгэ аймагт гарсан.

Ийм байдлыг цэгцлэхийн тулд эцэг, эхчүүдийн оролцоог хангаж, бүх шатны байгууллагуудад сургалтын үйл ажиллагаа явуулах замаар зам тээврийн осол болон бусад шалтгаанаар хүүхэд эндэж байгаа асуудлыг хөндөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөснийг дэмжихийг уриалж байна.

Энэ бол зөвхөн хүүхдийн эндэгдлийн зам тээврийн осолтой холбоотой тоон мэдээ" хэмээн ярьсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ