Төрсөн эцэг нь хүүгээ хөнөөгөөд эцэст нь амиа хорлохыг завджээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ны өдөр хүүгээ хутгалж, хөнөөгөөд өөрийнхөө амь насыг хохироохыг завдсан этгээдийг саатуулжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 26 настай эрэгтэйг түүний төрсөн эцэг болох 50 настай эрэгтэй цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байна.

Сэжигтэн этгээд хэрэг үйлдэх үедээ хүүтэйгээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Тэрбээр хүүхдээ хөнөөснийхөө дараа өөрийнхөө хоолойг зүсэж, амиа хорлохыг завдсан байна. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа ажээ.

Үндэсний статистикийн хорооны “Согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрийн өнөөгийн байдал” судалгаанаас үзэхэд, Монгол Улсын хэмжээнд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн байна.  

Архины хэрэглээ нэмэгдсэнээс үүдэж, үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн тоон мэдээлэл бий. Түүнчлэн нийт гэмт хэргийн 68 хувь нь архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ