Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг шалгах шаардлага хүргүүллээ

Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг хөндсөн нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэг 09.00 цагт эхэлсэн, 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг шалгах шаардлага хүргүүллээ. Тэрээр “Хөгжлийн банкны удирдлагуудаас долоон хүнийг хорьсон. Гэхдээ одоо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг яагаад хорихгүй, шалгахгүй байгаа юм бэ? Энэ хүн Хөгжлийн банкны Эрсдэлийн газрыг удирдаж байсан. Яагаад орхив? Та нар сугалж үлдээгээд, нутаг орноороо ялгаж салгаад байна уу” гэв.     

Ганбямбын Дөлгөөн 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллажээ.

Улсын ерөнхий прокуророос энэ сарын 23-нд өгсөн мэдээллээр Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тус банканд удирдах албан тушаал хашсан долоон хүнийг 15 хоногоос нэг сарын хугацаатай баривчилсан юм:

  1. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
  2. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан үндэслэлээр 1 сар/
  3. Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүн тус банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр 1 сар/
  4. Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр /1 сар/
  5. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
  6. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбат /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
  7. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр нэг сарын хугацаанд тус тус цагдан хорисон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ