Хүүхдүүд хүчирхийлэлгүй ирээдүйг өнөөдөр бүтээхээр "ах, эгч" нараасаа амлалт авлаа

Нийслэлийн ерөнхий боловсролын хүүхдүүд Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн эсрэг хүчирхийлэл сэдвийн хүрээнд "Ирээдүйг өнөөдөр" яриа, хэлэлцүүлгийг /2022.04.05/ зохион байгууллаа.
Өнөөдөр дэлхий дахинд
- Долоон минут тутамд нэг өсвөр насны хүүхэд хүчирхийллийн улмаас нас барж,
- Гурван хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн дарамт, дээрэлхэлтэд өртөж ,
- Дөрвөн хүүхэд тутмын нэг нь зөрчил, мөргөлдөөн, гамшигт нэрвэгдсэн улс оронд амьдарч ,
- Арван охин тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж ,
- Охидын 15 хувь нь, хөвгүүдийн 6 хувь нь цахим орчинд хүчирхийллийн бай болж ,
- 73 сая хүүхэд бие бялдар, сэтгэхүйд нөлөөлөхүйц хүнд нөхцөлд ажиллаж ,
- Дөрвөн хүүхэд тутмын гурав нь өөрсдийн асран хамгаалагчийн хүчирхийлэлд байнга өртөж
- 1.2 тэрбум хүүхэд хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийн улмаас дэлхийн эдийн засагт долоон их наяд ам.долларын хохирол учраад байна.
Тус хэлэлцүүлгээр найз нөхөд, гэр бүл, багш нарын дарамт шахалт зэргээр хүүхдүүд маш ихээр хүчирхийлэлд өртөж байна гэж хүүхдүүд хэлж байлаа. Тухайлбал үе тэнгийхний дунд хэл амаар доромжлох, нэр хоч өгөх, мөнгө нэхэх, гэр бүлийн орчинд эцэг эх нь буруу үлгэр дуурайлал үзүүлэх, хойд эцэг эхийн дарамт, согтууруулах ундаа хэрэглэсэн болон уур нь хүрсэн үедээ зүй бус үгээр доромжлох, зодох загнах зэргээр хүүхдийн эрх бүхий л орчинд зөрчигдөж хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үр дүнд хүүхдүүдийн зүгээс өөрсдийн эрхээ хамгаалах, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх зорилгоор "ах, эгч" нар буюу Хөдөлмөр нийгэм, хамгааллын яам, БШУЯ, ГБХЗХГ, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл зэрэг байгууллагын төлөөллөөс хүүхдийн хүчирхийллийн эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх зэрэг амлалт авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ