"Ковидын дараагийн давлагаанаас сэргийлж вакцины нэмэлт тунгаа заавал тариулах хэрэгтэй"

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс "Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр 2022.04.06/ боллоо. Уулзалтад 21 аймгийн болон Улаанбаатар хотын есөн дүүргийн эрүүл мэндийн газрын дарга нар, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч, сувилагчид оролцов.
Монгол Улсын Засгийн газар 1993 оноос эхлэн дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, 2001 оноос "Дархлаажуулалтын дэд хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн. Цар тахлын улмаас эдгээр хөтөлбөрийн хэрэгжилт саармагжиж, товлолын дархлаажуулалтын тусламж үйлчилгээнд бэрхшээл тулгарчээ.
ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд "Коронавирусээс шалтгаалаад дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч албан хаагчид маань цаг наргүй ажиллалаа. Ажлын үр дүнд нь бид коронавирусийн халдварыг ногоон түвшинд хүртэл бууруулж чадсан байна.
Халдвар буурсан нь дархлаажуулалтын хамрагдалттай шууд холбоотой. Биднийг өдийг хүртэл хамгаалж, ковидын халдварыг бууруулсан зүйл бол вакцин. Вакцины үр нөлөө 3-6 сарын дараагаас буурах үзүүлэлттэй байдаг. Тиймээс 3,4 дүгээр нэмэлт тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг уриалмаар байна. Халдварын тархалт буурсан ч урьдчилан сэргийлэх нь маш чухал.
Дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлдэг улс, орны нэг нь Монгол Улс. Үүнийг НҮБ үргэлж сайшаадаг.
Манай улсад товлолтын вакцины хамрагдалт 95 хувиас дээш байдаг. Гэхдээ коронавирусийн тархалт, хөл хорио, хязгаарлалттай холбоотойгоор товлолын дархлаажуулалт 2.1 хувиар буурсан байна.
Тиймээс өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар товлолын вакцинжуулалтын хамрагдалтыг сайжруулахад анхаарах талаар чиглэл өглөө. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины хамрагдалтыг нэмэгдүүлж дараагийн давлагаанаас урьдчилан сэргийлэх үүрэг өгсөн.
Цаашид бид хөдөө, орон нутагт буюу малчны хотонд хүрч очиж тэднийг вакцинд хамруулах ажилд гол анхаарлаа хандуулна. Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд явуулын цэг ажиллуулж, малчныд очиж вакцинжуулах ажлыг эхлүүлээд байгаа" гэв.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Ковидын үед Монгол Улс 8.3 сая тун буюу хангалттай вакцин хүлээн авсан. Нийтдээ 5.5 сая тун вакцинаар ард, иргэдийг дархлаажуулжээ. Дархлаа сэргээх гурав дахь тунгийн хамрагдалт дөрөвдүгээр сарын эхний байдлаар улсын хэмжээнд 53 хувьтай байна. Зарим аймагт 60-аас дээш байгаа бол 50-аас доош хувьтай ч байна.
Ер нь ковидын вакцины хамрагдалт аймаг, орон нутаг болоод насны бүлгээр ч ялгаатай байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар гурав дахь тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх үйл ажиллагаанууд явагдаж байна" гэсэн юм.
Говь-Сүмбэр аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од "Манай аймгийн иргэд ковидын дархлаажуулалтын 1-2 дугаар тунд 94-өөс дээш хувьтай хамрагдсан. Харин гуравдугаар тунд 50-иас дээш, дөрөвдүгээр тунд харьцангуй бага 10 гаруй хувьтай хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд ковидын тохиолдолд бүртгэгдсэнгүй. Эмнэлэгт 13 өвчтөн, гэрээр 20 гаруй хүнийг хянаж байгаа. Эмнэлгийн орныхоо 15-20 хувийг л ашиглаж байгаа тул нөхцөл байдал харьцангуй тайван байна" гэж ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ